Засгийн газрын хуралдаан боллоо

2015 оны 12 сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.

“Хүний хөгжил” сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон бөгөөд Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт уг арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөгийг тусгаад байна. Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулсантай холбоотойгоор УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

Хүүхдийн мөнгө авахын тулд өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох шаардлагатай. Түвшин тогтоолгоогүй болон дахин тогтоолгох хүсэлтэй өрхүүд үлдсэн хугацаанд харъяа Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэстээ хандан өргөдөл гарган өрхийн амьжиргааны түвшин тогтоолгож, хүүхдийн мөнгө авах эрхтэй болох юм.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авна

2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Гэвч 12 дугаар сарын 14-ний байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см /нягт 0.12-0.24 см/ -т хүрээд байна. Цаашид ч зарим аймгийн сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас Засгийн газраас дээрх аймгуудад улсын нөөцөөс буцалтгүй тусламжаар өвс олгон, тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулж, хүн эмнэлэг, шуурхай албыг хэрэгцээт автомашинаар хангах “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхтэй холбогдуулан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, холбогдох аймгуудад хуваарилан олгохыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт зөвшөөрлөө. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулан, холбогдох баримтын хамт гүйцэтгэлийн тайланг гаргаж 2016 оны 2 дугаар улиралд багтаан Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт, улсын төсвөөс олгосон өвс, тэжээл, автомашиныг мөн тус хугацаанд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо.

Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна

Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

УИХ-аас 2006 онд батлан гаргасан Санхүүгийн түрээсийн тухай хууль нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын хамтаар Монгол Улсад санхүүгийн түрээсийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуулиар санхүүгийн түрээсийн тодорхойлолт, түрээсийн зүйл байж болох эд хөрөнгө, түрээслэгч, түрээслүүлэгч болон гуравдагч этгээдийн эрх, үүрэг зэрэг онцлог зохицуулалтыг нэвтрүүлсэн боловч санхүүгийн түрээсийн зах зээлийн өсөлт, хөгжилд төдийлөн нэмэр болж чадахгүй байна. Иймд  Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, түрээсийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхолд нийцүүлэх, улмаар санхүүгийн түрээсийн харилцааг бүрэн гүйцэд, зүй зохистой зохицуулах шаардлагын үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн түрээсийн харилцаа болон санхүүгийн түрээсийн гэрээний тодорхойлолтыг салгаж, ойлгомжтойгоор тодорхойлох, хуульд байх шаардлагагүй, тусгайлан харилцаа зохицуулаагүй, салаа утгатай зүйл заалтыг хасах, санхүүгийн түрээсийн гэрээг барьцаалах болон талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх харилцааг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн түрээсийн эрх зүйн зохицуулалт илүү уян хатан болж, үйлчилгээний хүрээ, хүртээмж, хэмжээ нэмэгдэхэд түлхэц болно. Хөдөө аж ахуйн болон улирлын шинж чанартай аж ахуйн бусад салбарын онцлогийг харгалзсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ. Санхүүгийн түрээсийн зах зээлийн хөгжил түргэссэнээр эдийн засаг дахь санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, аж ахуйн нэгж, иргэдийн орлого, ажил эрхлэлтийн өсөлтөд дэмжлэг болно гэж үзэж байна.

“Мах хөтөлбөр”-ийг баталлаа

100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулан  олгож, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Энэ жил Монгол Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой байна. Гэвч гадаад хорио цээрийн нөхцөл байдал болон мах экспортлох эрх бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, малчдаас мал худалдан авах бэлэн мөнгө хүрэлцээгүй байгаагаас махны экспорт дээрх хэмжээнд хүртэл нэмэгдэж чадахгүй байгаа юм. Экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа БНХАУ-д мах экспортлох боломжийг нээх, махны чанар, эрүүл, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулдаг чадавхитай болох, нөгөө талаас учирч болзошгүй цаг агаарын хүндрэлээс сэргийлж өвөлжих малын тоог цөөлөх, махны дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааны түвшинг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мах бэлтгэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мах хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

Импортоор оруулах үрийн буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хураан аваад байна. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард хэт халсан нь гангийн нөхцөлийг үүсгэсэн юм. Ургац хураалтын ид үед  газар тариалангийн нийт бүс нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж, урьдчилан тогтоосон үр тарианы баланс ургац хураалтын эцсийн дүнгээр 20 орчим хувиар буурлаа. Улсын хэмжээнд ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд үүнд 48 мянган тонн үр тариа шаардлагатай байгаа юм. Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан 7.2 мянган тонн, нийт 28 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Хаврын тариалалтад дутагдаж байгаа 20 мянган тонн буудайг 2016 онд импортох зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргаад байна. Импортоор оруулах үрийн улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм.

Хурдны авто зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталлаа. Улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, 2016 онд ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Энэ чиглэлийн авто замын 31.7 км урттай трасс нь Яармагийн товчооноос Түргэний голын гүүр, Бөхөгийн хөтөл, Хөшигийн хөндий гэсэн чиглэлтэй байна. Авто замын барилгын хязгаарлалтын талбай нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутгийг дайран өнгөрөхдөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа зарим нэгж талбайтай давхцаж байгаа ч хурдны зам нь үндэсний бүтээн байгуулалтад хамаарах учраас шаардлагатай газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

ТОВЧ МЭДЭЭ:

- 2015 оны 11 дүгээр сарын 22-24-нд ОХУ-ын Чит хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

- Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгав.

- “Дотоод аудитын дүрэм”-ийг баталлаа. Уг дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус үүрэг болголоо.

- Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Архангай аймагт ажиллах үеэр бизнес эрхлэгчдээс гарсан саналын дагуу Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт 0802.90.10 кодтой Хуш модны үр-самар, самрын идээ гэсэн заалт нэмэхээр тогтлоо.

- “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын 2015-2018 оны соёлын солилцооны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна