60 иргэнд төсөвлөсөн мөнгө яав?

2015 оны 12 сарын 15

Г.Загдаа гуай 10 гаруй жилийг гэр оронгүй, эцэг эхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэдийг нийгэмшүүлэхээр “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг байгуулан ажиллаж байна. Тэрбээр гэр бүлийн хүний хамтаар орон гэргүй, архины хамааралд орсон ч энэ зуршлаасаа салахыг хүссэн, эцэг эхгүй, өнчин өрөөсөн хүүхэд гээд 130 гаруй хүнд зориулан 26 гэр гаргаж, тохижуулан өнөөг хүртэл ажиллаж байна.

Уг нь тэрбээр 2013 оныг хүртэл орон гэргүй 60 гаруй хүнийг хамруулан, төр засаг, хувийн хэвшлээс элдэв тусламж, хөрөнгө авахгүйгээр хувиараа ажиллаж иржээ. Харин 2013 оноос нийслэлээс нэмж 60 хүнийг “Зөв амьдрах ухаан” төвд төсөв мөнгийг нь олгож хамт нийгэмшүүлэхээр өгчээ. Гэтэл 2015 оны гуравдугаар улирлаас хойш эдгээр 60 гаруй хүнд сар бүр олгохоор төсөвлөсөн мөнгийг нийслэлээс өгөөгүй байна. Цаашид ч хэзээг хүртэл ийм байдалтай явах нь тодорхойгүй хэмээн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн төсвөөс өгөх ёстой мөнгийг олгохгүй байгаагаас гэрэл цахилгааны мөнгөнөөс эхлээд багагүй хэмжээний өрөнд орсон гэв. Түүний хэлж буйгаар 26 гэр, бусад байшингийн гэрэл цахилгааны мөнгө 3-4 сая төгрөг нэхэгджээ.

Уг нь сард нэг хүний хоол, дулаан цахилгаанд 9000 төгрөгийг 60 хүнд нийслэлээс олгох учиртай. Гэвч энэ мөнгө нь олгогдохгүй байсаар одоо 121 сая төгрөг болжээ. Түүний зүгээс нийслэлээс олгох ёстой 121 сая төгрөгөө л шийдүүлээд, цаашид тогтмол олгоод байвал эдгээр 130 гаруй хүнийг бүгдийг нь асуудалгүй нийгэмшүүлэхийн төлөө ажиллах боломжтой гэж байгаа юм.

“Зөв амьдрах ухаан” төвд байгаа 130 гаруй хүний 60 нь хүүхэд, 17 нь хоригдож байгаад суллагдсан, 20 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм байна. Тэгвэл эдгээр 60 иргэнд олгохоор төсөвлөсөн мөнгийг хэзээ олгох талаар нийслэлийн халамжийн мэргэжилтнээс тодруулсан юм. “Нэг хэсэг хаа хаанаа төсөв санхүү хүнд байсан. Гэхдээ энэ асуудлыг удахгүй шийднэ. Төсөв, санхүүгийн асуудал нь шийдэгдсэн. Одоо дарга нарын гарын үсэг зураад л болоо” гэх мэдээллийг өглөө.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна