5 их наядын хөрөнгө ил болжээ

2015 оны 12 сарын 15

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маяг, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн 13.8-д байгаа заалтыг Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй уях шаардлага үүсэж буй аж. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гэр бүл, хамаатан садныхаа нэрээр нууж байсан орлого, үл хөдлөх хөрөнгө зэргээ ил болгон тайлагнасан нөхцөлд тэр нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд мэдээлэл нь нууцлагдах ёстой. Гэвч Авлигын эсрэг хуулийн хүрээнд төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрийн албаны 38 мянган хүн Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Түүгээр дамжиж нууцын зэрэглэлд байх ёстой мэдээлэл нь ил болох нөхцөл үүсээд байгаа аж. Мөн сахилгын хариуцлага хүлээлгэх заалт дээр нэр дурдсан хуульд туссан байгаа нь төрийн албаныхны дунд хүлээлт үүсгэжээ.

Нөгөө талаас хуулийн хэрэгжиж дуусах хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр хязгаарлагдаж байгаа тул татвар, нийгмийн даатгалын байгууллагад ачаалал үүсэж, ажлаа дийлэхгүйд хүрсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч ажлын ачаалал үүсжээ.

Татварын ерөнхий газрын даргын мэдээллээр бол арванхоёрдугаар сарын 7-ний байдлаар 3.5 их наяд, харин энэ сарын 15-ны урьдчилсан байдлаар тав орчим их наяд төгрөгтэй дүйх хэмжээний хөрөнгө, орлого ил болсон байна. Нийтдээ 5789 хуулийн этгээд тайлангаа ирүүлжээ. Нийгмийн даатгалын байгууллагын хувьд гол ажлууд нь гараар хийгддэг, мөн гурван хүний асуудлыг шийдүүлэхийн тулд нэг компани таван өдөр зарцуулж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлагатай нь харагдаж байгаа гэдгийг энэ үеэр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал хэллээ.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн тайлбарлаж байгаагаар харааны бэрхшээлтэй иргэд, сумын иргэдийн хувьд дээрх хуульд хамрагдах боломж цаг хугацааны хувьд тулсан аж. Учир нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хууль нь баррель үсгээр хэвлэгдэж гараагүй. Суманд ганцхан нягтлан бодогч байдаг, түүн дээр иргэд, аж ахуйн нэгж тайлангаа бариад дугаарлах болжээ.

Иймээс үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах шаардлага байна гэдгийг тэрээр хөндсөн бол Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, татварынхны зүгээс ч санал нэг байгаагаа хэлсэн юм.

УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн наймдугаар сард баталсан түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг Засгийн газар аравдугаар сарын 10-нд баталсан байна. Өөрөөр хэлбэл, журам гарахыг хүлээгдэж цаг нэлээд алджээ. Үүний дараагаас иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын өршөөлийн хуульд хамрагдах боломж нь нээгдсэн аж. Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг сунгаад өгөхөд болохгүй гэх зүйлгүй, Засгийн газарт чиглэл өгч хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх ёстой гэж зарим нэр бүхий гишүүд хөндсөн бол УИХ-ын дарга З.Энхболд баталсан хуульд заасан цаг хугацаагаа барьж шахаж ажиллахыг үүрэгдэв. Тэрээр “Татварын ерөнхий газар бүрэн бүрэлдэхүүнээрээ арванхоёрдугаар сарын 31-н хүртэл шахаад ажилла. Амралтын өдрүүдэд ч ажиллах ёстой. Нэг жил шинэ жил тэмдэглэхгүй л байна биз. Тэр болтол тайлангаа аваад ажилла. Түүний дараа сунгах эсэхээ шийдэх нь зөв. Ингэхгүй бол хугацааг нь сунгах нь гэж тайвшраад тайлангаа өгөхгүй алгуурлаж болзошгүй” гэсэн юм.

Тиймээс төрийн байгууллагуудыг он дуустал шахаж ажиллахыг байнгын хорооноос үүрэг болголоо.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна