Авлигын хэрэг өршөөлд хамрагдахгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Авлигын хэрэг өршөөлд хамрагдахгүй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө цагдаа, АТГ-ын 300 орчим алба хаагч гэрээс нь баривчилсан. Үүний дараа гурван шатны шүүхээс түүнийг авлигын болон албан тушаалын хэрэгт буруутай гэж үзээд 2,6 жилийн хорих ял оноосон. Харин 2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлэх зарлиг гаргасан юм. Ийнхүү уучлал үзүүлсэн хэдий ч ялтайд тооцох хугацаа дууссан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хэрэв ялтайд тооцох хугацаа дуусаагүй бол төрийн өндөр албан тушаал эрхлэх боломжгүй байдаг. Тиймээс энэ талаар холбогдох албан тушаалтнуудын хэлж байсан үгийг эргэн сануулахад МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян: “2012 онд Ерөнхийлөгчийн зарлигаар өршөөгдсөн. Одоо ялгүй байгаа” гэж мэдээлсэн.

Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж “Өршөөл үзүүлэх тухай хуулиар нэмэгдэл ял буюу ялтайд тооцох хугацаа өршөөгдсөн. Тиймээс ямар ч асуудал байхгүй. мар ч албан тушаал дээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ажиллах бүрэн боломжтой хүн. Урьд нь ямар албан тушаал эрхэлж байсныг бүгд мэднэ. Тиймээс харшлах зүйлгүй болов уу гэж бодож байна” гэж мэдэгдсэн.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүд намын даргынхаа ялгүйд тооцох хугацааг дууссан гэж үзэж байгаа бол хууль хяналтын байгууллага энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсаныг хүргэж байна.

-Ялтайд тооцох хугацааг хэрхэн тооцдог вэ?

-Ялтайд тооцох хугацааг Эрүүгийн хуулийн 78-р зүйлд тодорхой заасан байдаг. Ялгүйд тооцох хугацааг үндсэн буюу нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа тоолж эхэлдэг. Тодруулбал, ялаас чөлөөлсний дараа тоолж эхэлнэ. Жишээ нь, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол нэг жил, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн бол таван жил, хүнд гэмт хэрэг үйлдсэн бол найман жил, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд 10 жил өнгөрч байж энэ хүн ялгүйд тооцогдоно.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд ялтайд тооцох хугацааг өршөөх заалт орсон юм уу?

-Өршөөлд үл хамаарах нөхцөл байдал буюу 9 дүгээр зүйлийн 1.3-т заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээд өршөөлд хамрагдахгүй. Өөрөөр хэлбэл, ялаас чөлөөлөгдөхгүй, ял хасагдахгүй, ялгүйд тооцогдох хугацаа хэрэглэхгүй. Энэ 9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн этгээд өршөөлд хамрагдана.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны наймдугаар сарын 1-нд МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Харин одоо Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дууссан уу?

-Тодорхой хүнтэй холбоотой асуудлаар ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй. Түрүүн би тодорхой хэлсэн. Ялгүй болох хугацааг Эрүүгийн хуулийн 78-р зүйлд зааснаар тооцож тоолдог.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж