С.Жавзандулам шилдэг сэтгүүлчээр шалгарлаа

2015 оны 12 сарын 15

Сэтгүүлч:
Ховд

Орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлчээр Ховд аймгийн сэтгүүлч С.Жавзандулам “Бүтээн байгуулалтын эргэн тойронд” асуудал хөндсөн нэвтрүүлгээрээ шалгарлаа.

 

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс(МСНЭ)2015 онд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдгүүдийг тодрууллаа. МСНЭ-ээс энэхүү мэргэжлийн уралдааныг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар номинацид тодруулсан юм.

Сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдгийн шилдэг Гран при шагналын эзэн сэтгүүлчээр “Өдрийн сонин”-ын сэтгүүлч Э.Энэрэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээс ТВ-9 телевиз шалгарлаа. Сэтгүүлч Э.Энэрэлийн “Цаг хугацаатай уралдсан нь урагшилж, зууралдсан нь зутардаг”, “Алдагдсан эрх мэдлээ олж авахын тулд олигархиуд надтай үзэлцэж байна” зэрэг ярилцлага, “Ямар уужим юм бэ, хүний наран сэтгэл”, “Архи, авгай, ан эргүүлээд явагсдыг Аврах ангийнхан хайсаар байх уу?” зэрэг нийтлэл бичиж, мэргэжлийн ур чадвар, нийтлэлийн даац далайцаар манлайлжээ.

Мөн хэвлэл мэдээллийн шилдэг холбоогоор Монголын сайтын холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо шалгарсан байна.

Ингээд шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг сэтгүүлч:

  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч Ж.Чимэдцэрэн (Хүйн холбоотой Хөвсгөл, Байгаль нуур”, “Хүнээр хүн хийдэг” зэрэг нийтлэл. Хөвсгөл аймаг)
  • Орон нутгийн телевиз, радиогийн шилдэг сэтгүүлч С.Жавзандулам (“Бүтээн байгуулалтын эргэн тойронд” асуудал хөндсөн нэвтрүүлэг, Ховд аймаг)
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч Д.Давааням (“Хурдан морины уралдаан”, “Дотуур байр” зэрэг гэрэл зургийн цуврал бүтээл, “Гамма” агентлаг)
  • Радиогийн шилдэг сэтгүүлч З.Сумъяабазар (“Анхны цаснаар” радио зохиомж, “Лавайн эгшиг” радио)
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч Лунтангийн Болормаа (“Эрдэнийн өргөөд ба нэг Урилга”,“Ядарсан ба задарсан бүх хүнд зориулав” зэрэг нийтлэл бичиж, сэтгүүлчийн ажиллагаа, мэргэжлийн ур чадвараараа жишиг тогтоож, нийтлэлийн үр нөлөө, даац далайцаар манлайлсан тул “Mongolian mining journal” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Лунтангийн Болормаа агсан)
  • Сайтын шилдэг сэтгүүлч Г.Одгарав (Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, хүүхдийн өвчлөл, хүчирхийллийн сэдвээр багц сурвалжлага, хүнсний аюулгүй байдлын сэдвээр цуврал нийтлэл. gogo.mn)
  • Сонины шилдэг сэтгүүлч Б.Энхмарт (“Гурван улс дамнасан гэмт хэрэг буюу дэрэвгэр жиргэрүүгийн эмгэнэл” цуврал нийтлэл бичиж ховор ургамлын нөөц барагдаж буй асуудлыг БОНХАЖЯ-ны сайдын тушаал гарах хүртэл ул үндэстэй хөндөн мэргэжлийн ур чадвар, нийтлэл. ”Үндэсний шуудан” сонин)
  • Телевизийн шилдэг сэтгүүлч Б.Оюунчимэг. (“Цаг үе, үзэл бодол”, “Би монгол оюутан” зэрэг цуврал нэвтрүүлгүүд. МҮОНТ)

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдгүүд:

  • Салбарын шилдэг хэвлэл: “Ган зам” сонин
  • Шилдэг радио: ФМ ПЗ-100,9, ФМ 107.5
  • Шилдэг сэтгүүл: “Гранд”, “Гэрэг” сэтгүүл
  • Шилдэг мэдээллийн сайт: www.gogo.mn, www.itoim.mn
  • Шилдэг сонин: “Өдрийн сонин”, “Засгийн газрын мэдээ” сонин
  • Шилдэг телевиз: “Монгол HD”, “Эх орон” телевиз

Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээс “Дорнод зон” сэтгүүл, “Архангайн амьдрал” сонин, “Таны элч” сонин, “Алтан говь” телевиз, “Архангай” телевиз тус тус шилдгээр шалгарлаа.

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг urlag.mn сайт, “Зар мэдээ” сонин, “Өмгөөлөгч” сэтгүүл, “Медиа консул” клубын хамт олон хүртсэн юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна