Эрхэд суурилсан стандарт үйлчилгээг бий болгох ёстой

2015 оны 12 сарын 15

“Хүүхэд хөгшдийг ивээх Төв”-өөс Асрамжийн төвийн асруулагч ахмад настнуудын эрх, тэдний эрхээ эдлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Энэ хэлэлцүүлэгт орон нутгийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож асрамжийн төвийн стандартыг сайжруулах хэрэгцээ шаардлага, асруулагч ахмад настны эрхийн зөрчлийн талаар гомдол гаргах, шийдвэрлэх журам, тогтолцооны талаар санал солилцсон байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ахмад настны асрамжийн 10 төвд 360 орчим ахмад настнууд асруулж байгаа бөгөөд тэдний зарим нь хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй иргэд байдаг. Асрамжийн төвийн стандарт нь 2008 онд батлагдаж 2013 онд нэмэлт өөрчлөлт орсон нь сайшаалтай боловч ахмад настны эрх, хамгаалал, хөгжил оролцооны талаар тус стандартад тусгаж өгөх шаардлагатай талаар оролцогчид дурдаж байна.

Хүүхэд хөгшдийг ивээх Төвөөс асрамжийн төвийн стандартыг шинэчлэх, асруулагч ахмад настны өргөдөл гомдол гаргах журмыг боловсруулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Асрамжийн төвийн ахмад настны эрх” зөвлөмжийг гаргаснаа танилцуулж орон нутагт тараасан байна.

Хэлэлцүүлгийн үр дүнд ахмадууд бол халамж хүртэгсэд гэдэг түгээмэл сөрөг ойлголтыг өөрчлөх, тэд үндсэн эрхээ эдэлж буй гэдгийг хүлээн зөвшөөрөх, түүнчлэн асрамжийн төвийн үйл ажиллагааны стандартад хүний эрхийн талаар оруулж өгөх хэрэгцээ байгааг салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Эрхэд суурилсан стандарт үйлчилгээг бий болгоход салбарын мэргэжилтэн, албан хаагч нар, мөн асруулагчдын оролцоо, зөвлөмж нэн чухал юм.

Г.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна