АСЕМ-ын зочдод үйлчлэх ажилтнуудыг сургана

2015 оны 12 сарын 15

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс бүртгэж, сонгон шалгаруулах, мэргэжлийн ур чадварын сургалтад хамруулах арга хэмжээний нээлт “Бишрэлт”зочид буудалд боллоо. Нээлтэд Хөдөлмөрийн яам, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийнхэн болон хувийн хөдөлмөрийн бирж, сургалтын байгууллагын төлөөлөл оролцож, бүртгэлийн ажиллагаа албан ёсоор эхлүүлэв.

Ази-Европын уулзалт буюу ACEM-ын дээд хэмжээний уулзалт ирэх оны долдугаар сард Монголд болно. Европын Холбооны 28 гишүүн орон, Европын хоёр, Азийн 21 орон, Европын Холбоо, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэдэг уг байгууллагын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад 51 орны төр, засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан нийт 4000 гаруй зочин төлөөлөгч ирэх урьдчилсан тооцоо байгаа. Эдгээр зочдыг байрлуулахаар 44 зочид буудлыг сонгож, тэнд ажиллах тогооч, талх, нарийн боовчноос гадна зочид буудлын үйлчилгээний ажилтан буюу хаалгач, авто зогсоолын ажилтан, ачаа зөөгч, зочин угтагч, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, нийтийн талбайн үйлчлэгч, угаалгын ажилтан, зөөгч, бармен, хөтөч, тайлбарлагч гэсэн мэргэжлээр 3200 хүнийг сонгон ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулахаар болсон бөгөөд энэ ажил ийн өнөөдрөөс эхэлж ирэх оны нэгдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан бүртгэлийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150 мянган байнгын, шинэ ажлын байрыг бий болгох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд манай Хөдөлмөрийн яам, түүний харьяа байгууллагууд шат дараалсан олон талт арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлж байгааг дурдаад “ACEM-ын дээд хэмжээний уулзалт нь гадаад улс орнуудад эх орноо сурталчлан таниулж, олон улсын тавцанд байр, сууриа бэхжүүлэх өндөр ач холбогдолтойгоос гадна ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах асуудал туйлын хүндрэлтэй байгаа өнөө үед энэхүү чуулга уулзалт болон дагалдах уулзалт, семинарт хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийг байршуулах, тэдэнд үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бусад арга хэмжээний хүрээнд байнгын болон түр ажлын байр олноор бий болох боломжийг бүрдүүлж байна. Энэхүү боломжийг ашиглаж, Монгол Улсын иргэн таныг ажилтай, орлоготой болгох, цаашлаад энэхүү нэр хүндтэй чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ACEM-ын Бэлтгэл ажлын албатай манай яам “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулж, төрийн байгууллагуудаас анхны түнш байгууллага нь болсондоо баяртай байна” хэмээсэн.

Мөн Хөдөлмөрийн яам, ACEM-ын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг хоорондын “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд чуулга уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах 44 зочид буудлын 800 орчим сул чөлөөтэй ажлын байранд ажилгүй иргэдээс зуучилж, мэргэжлийн ур чадварын сургалтанд хамруулах юм. Түүнчлэн эдгээр зочид буудалд ажиллаж байгаа 1800 мэргэжлийн бус ажилтныг орчин үеийн зочид буудлын үйлчилгээ, түүнтэй холбоотой сургалтанд хамруулах, чуулга уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 600 хөтөч, тайлбарлагчийг сонгон сургаж, түр ажлын байраар хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсруулсан бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгийг ажиллуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна гэдгээ ч танилцууллаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна