“Н.Энхбаяр ялтайд тооцогдсон хэвээр байгаа”

2015 оны 12 сарын 16

“Эрүүгийн хуулийн 266-гийн 3 дугаар зүйлээр ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөлийн хуулиар дуусгавар болсон. Одоо Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдад нэр дэвших гэж байгаа” гэсэн яриа сүүлийн өдрүүдэд хүчтэй дуулдах болов. Н.Энхбаярын ялын хугацаа үнэхээр дууссан эсэх талаар хуульч Б.Мэргэнээс тодрууллаа.

-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуулийн 266.3 дугаар зүйлээр ял сонссон Н.Энхбаярын ялын хугацаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөлийн хуулиар дуусгавар болсон гэсэн мэдээлэл гарах боллоо. Үнэхээр тийм юм уу. Энэ талаар хуульд юу гэж заасан байдаг юм бэ?

-Юуны түрүүнд Өршөөл үзүүлэх хуулийн талаар зөв ойлголттой байх хэрэгтэй. 2015 оны наймдугаар сарын 11-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл “Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд байдал”-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд уг хуульд заасан өршөөлийн аль ч хэлбэр үйлчлэхгүй гээд тодорхой заачихсан. Харин уг хуулийн 9.1.3-т Эрүүгийн хуулийн 263-р зүйлийг бүхэлд нь буюу “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийг үйлдсэн хүнийг өршөөхгүй гэсэн зохицуулалтай. Тэгэхээр уг зүйл ангиар шийтгүүлсэн Н.Энхбаяр гуайд Өршөөлийн хуулийн 6.1.1-д заасан “ЭХ-ийн 78-р зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хасах” хуулийн заалт үйлчлэхгүй юм.

-Тэгвэл Эрүүгийн хуулийн 263-р зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн ямар ч хүн энэ хуулиар өршөөгдөөгүй гэж ойлгож болох нь, тийм үү?

-Яг тийм. Эрүүгийн хуулийн 263-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн Өршөөлийн хуулийн 4-р зүйлийн “Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх”, 5-р зүйлийн “Ялаас өршөөн хасах”, 6-р зүйлийн “Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох”, 7-р зүйлийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн өршөөлийн 4 хэлбэрийн алинд нь ч хамаарахгүй. Иймээс Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг үйлдсэн нэг ч ялтан энэ хуулиар өршөөгдөөгүй гэсэн үг. Ялаа эдлэх нь эдлээд, ялтайд тооцогдоод л явж байгаа.

-Тэгвэл Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа хуулиараа хэзээ дуусах юм бол?

-Н.Энхбаяр гуайн үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх гэмт хэрэг” нь хуулиараа хүндэвтэр гэмт хэргийн төрөлд хамаарч байгаа. Эрүүгийн хуульд зааснаар хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн хүн нь шүүхээр оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүйд тооцогддог хуультай. Тэгэхээр энэ хүн өнөөдрийн байдлаар ялтайд тооцогдсон хэвээр байгаа.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна