Үнсгэлжингийн мөрөөдөл

2015 оны 12 сарын 16

-Эдийн засгаараа дэлхийд наймд, Азидаа гуравт ордог үйлдвэрлэлийн орон БНСУ-ын бүхий л салбарт монголчууд ажиллаж байна. Өдгөөгийн Солонгосын эдийн засгийн гол тулгуур болсон автомашин, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрүүдэд ч монгол хүний гар хүрч амжсан гэхээр бахархмаар-

Онгоцоор нэг нойрмоглож, зүүрмэглэсэн хүмүүс. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн ОМ-302 нислэгээр зорчигчдын цөөнгүй нь Солонгост түр хугацаагаар ажиллагсад  бөгөөд тэд гэр рүүгээ буцаж яваа нь энэ юм. Тэд аялал жуулчлалын гэх тодотголтой гурван сарын визээр тус улсад очиж, өдөрт 11-13 цаг хар бор ажилд зүтгэсэн болохоор нислэгийн турш унтаж, зүүрмэглэх нь түгээмэл бөгөөд хооллох гэж нэг удаа сэрдэг гэхэд хилсдэхгүй. Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудын дунд “Гурван сарынхан” гэсэн хэллэг хүртэл бий болжээ. Айл болгонд гурван сарын зочин байх бөгөөд тэднийг ажилд зуучлах нэн шинэ үүрэг Солонгост ажиллаж буй хүмүүст нэмэгдээд буй юм. Инчоны нисэх буудал дээр ч тэвш тэвш ачаатай монголчууд тэмээнээс тэмдэгтэй харагдана. Эрээнээс бараа зөөдөг наймаачид шиг цүнх чемоданаа түнтийтэл чихсэн байхын дээр жин дарахааргүй заримыг нь гартаа барьж, үүрч дүүрэн яваа харагдана. Шинэ жил дөхсөнийг хэлэх үү, гартаа том жижиг гацуур барьсан нь ч цөөнгүй. МИАТ болоод Корейн айр компанийнхан  өвлийн цагийн хуваарьтаа шилжсэн хэдий ч нислэгийн тоогоо бууруулсангүй. Улаанбаатар-Сөүлийн чиглэлд өдөр бүр нисч байгаа ч хоёр улсын хооронд зорчигчдын захиалга өдрөөр бус сараар хүлээгдсэн хэвээр.

Нэгэн үе гадаадад гарч биеэ зовоосноос эх орондоо ажиллахыг илүүд үзэж байв. Харин одоо эсрэгээрээ гадагш чиглэсэн урсгал нэмэгджээ. Монголчуудын хувьд ажил хөдөлмөр хийж, тав арван төгрөг олж болох хамгийн дөт зам бол Солонгосыг зорих. Ерээд оны төгсгөлөөс тус улсыг зорьсон монголчуудын жим улам л тодорсоор байна. Солонгосыг зоригсдын тоо буурах биш өссөөр, тэр дундаа визний хугацаандаа буцаж ирэлгүй үлдэгсдийн тухай мэдээлэл ч тасрахаа болив. Онгоц онгоцоор Солонгост очиж байгаа хүмүүсийн дунд албан ажил, эмчилгээ үйлчилгээ, худалдаа наймаа хийх, хөрөнгө мөнгөө барж ядан казинод тоглох гэхчилэн олон шалтаг шалтгаан байх ч олонх нь гурван сарынхан. Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас аяллын гэх С3 ангиллын 90 хоногийн визийг хүссэн хүн болгонд шахам дарж өгч байсан нь саяхан. Тогтсон ажил албатай, сард 500 мянгаас дээш төгрөгийн цалингийн орлого нь нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажсан байх аваас ямар ч барьцаа төлбөргүйгээр виз өгч байлаа. Тогтсон ажилгүй, хувиараа ажил үйлчилгээ эрхлэгчдийн хувьд ч дансандаа таван сая төгрөг байршуулчихвал Солонгост гурван сар аялах эрх олгож байв. Харин сүүлийн саруудад Солонгосын Элчин сайдын яамнаас гурван сарын хугацаатай аяллын виз олгох нь эрс багасчээ. Гурван сарын визээр тус улсыг зоригсдын цөөнгүй хувь нь Солонгост “харлаж” үлдэх болсноос ийн шийдсэн гэдгээ Элчингийнхэн тайлбарлаж байна. Өнгөрсөн аравдугаар сард л гэхэд 200 гаруй монгол буцаж ирээгүй гэнэ. БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэгсдийн хэдэн хувьд нь татгалзсан хариу өгсөн талаарх албан тоо баримт байхгүй ч хоёр хүн тутмын нэг нь хар тамгатай гарч ирэх болсон гэнэ. “Зорчих зорилго тодорхойгүй” гэсэн тайлбартайгаар хар тамга дарулсан хүмүүс олон байна. Саяхан л гэхэд Солонгос улсад төрийн албан хаагчдын сургалтад суухаар бүртгүүлэгсдийн дундаас 10 гаруй хүнд виз олгоогүй байх жишээтэй.

БНСУ үйлдвэрлэлийн орон учраас ажиллах хүчнийг шингээх чадвар сайтай. Солонгосчууд өөрсдөө ажилсаг ард түмэн хэдий ч үйлдвэрлэл нь өсөн нэмэгдэхийн хэрээр гадны олон орноос ажиллах хүчин импортолсоор байгаа юм. Хууль бус ажиллагсадтайгаа нийлээд 40 орчим мянган монгол хүн тус улсад ажил хөдөлмөр эрхэлж, түр хугацаагаар оршин сууж байна гэсэн албан бус тооцоо бий. Үндэсний статистикийн газраас явуулж буй “Гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж буй монгол иргэдийн тооллого”-ын дүн гарах үед энэ тоо албан ёсоор тодорхой болно гэж албаныхан итгэж байгаа ч гадаадад ажиллаж амьдарч буй иргэн бүр тооллогод хамрагдах эсэх нь эргэлзээ дагуулж буй юм. Ямартай ч гадагш чиглэсэн монголчуудын хөл татрах бус улам бүр нэмэгдсээр байгаа нь эх орондоо, цалингаараа сайхан аж төрөх боломж бололцоо улам бүр хомсодсоор байгааг гэрчилнэ.  

Өнөөдөр эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж буй  монгол хүний  дундаж цалин  851,4 мянган төгрөг гэсэн тооцоог  Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.  Үүнийг дэлхий нийтийн жишгээр ам.долларт шилжүүлэн бодвол 407,7 ам.доллар болох юм. Гэтэл улсын дунджид хүрэхүйц хэмжээний цалин авч буй хүн тийм ч олон хувийг эзлэхгүй. Нийт ажиллагсдын 18,4 хувь нь 300-500 мянга, 20 хувь нь 500-700 мянган төгрөгийн цалинтай. Эмч, багш нараас эхлээд инженер техникийнхэн ч энэ зэрэглэлд багтана. Эндээс харахад эх орондоо цалингаараа сайхан амьдарна гэдэг ердөө л мөрөөдөл юм. Чухам тиймээс л гадаад орон руу тэр дундаа Солонгосыг зоригсдын тоо буурахгүй байгаа юм. Хаа очиж монгол хүн ямар ч ажлын эвийг олоод хийчихдэг онцлогтой. Хэлний бэрхшээлийг эс тооцвол ажил хийж чадахгүйн зовлон монголчуудад үгүй. Харин ч бүр ажлыг нь амарчлаад, хялбаршуулаад өгдөг болохоор солонгос эзэд монголчуудад талархалтай ханддаг. Эдийн засгаараа дэлхийд наймд, Азидаа гуравт ордог үйлдвэрлэлийн орон БНСУ-ын бүхий л салбарт монголчууд ажиллаж байна. Өдгөөгийн Солонгосын эдийн засгийн гол тулгуур болсон автомашин, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрүүдэд ч монгол хүний гар хүрч амжсан гэхээр бахархмаар. Мэдээж бусад жижиг салбарт туслан гүйцэтгэгчийн ажил эрхэлдэг ч бусад улс үндэстнээс илүүтэй гярхай, нямбай, эхлүүлсэн ажлаа дуусгаж гэмээнэ санаа амардаг хичээнгүй зангаар нь монголчуудыг тодорхойлдог. Эмэгтэйчүүдийн хувьд үйлчилгээний салбар тэр дундаа, зочид буудал, хоол, гар утасны болон бусад жижиг хэрэгслийн үйлдвэрт ажиллаж, орчин цагийн Үнсгэлжингийн дүрд хувирдаг. Чадварлаг багш, эмч, сувилагч, инженер, эдийн засагч, хуульчид өнөөдөр Солонгост хууль бусаар ажиллаж амьдрах гэж оготны нүхэнд ороод гарахаас бусдыг үзэж, туулж явна. Хүсээд ч хэн бүхэн хийж чадахааргүй зүрхний мэс засалч залуу өдгөө төмрийн үйлдвэрийн ажилчин болчихсон гашуун үнэнийг яах вэ. Бид хэдий болтол хаа газрын хар бор ажлыг хийж, зарц барлагын үүрэгт гүйцэтгэсээр байх вэ. Ганцхан Samsung корпорацийн ажилтнуудын тоотой дүйцэх хэмжээний гуравхан сая хүнийг бусдаас илүү биш гэхэд бусын дайтай, сайхан амьдруулж чадахгүй байгаадаа засаг төрийн эрх баригчид ичдэг баймаар.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд өнөөдөр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа энэ л өдөр Ерөнхий сайдаас асуумаар олон асуулт байна. Ядаж л бид Инчоны буудлаас Чингис хаан буудалд буухдаа гадныхнаас ичдэггүй баймаар байна. Та бүхэн алс холын аянаас дөрөө мултлан буухдаа Улаанбаатараас сумын төвд очих шиг санагддаггүй юу гэдгийг ч мэдмээр байх юм.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бүгд л өргөө гэрийн тэргүүн, өнөр бүлийн эзэгтэй нар байдаг. Та бүхэн өөрийн үр хүүхдүүдээ орчин цагийн Үнсгэлжингийн дүрд хувирахыг хүлцэн тэвчих үү. Тэгвэл Монгол Улс хэмээх өрх гэрийн тань олон мянган ач үрс үйлдвэрлэл хөгжсөн орнуудад Үнсгэлжингийн амьдралаар аж төрж байна. Тэд өөрсдөө энэ замыг сонгосон нь гарцаагүй ч эх орондоо сэтгэл дүүрэн аж төрөх боломж олгоогүйгээрээ үе үеийн эрх баригчид тэдний өмнө буруутай. Орчин цагийн Үнсгэлжингүүд үр хүүхдүүдээ хүний нутагт Үнсгэлжин шиг аж төрөх биш оюун бядаа бусдад гайхуулахуйц сайхан амьдраасай гэж хүсч байна. Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломж бүрдээгүй цагт хүний нутгийг зорьсон жим бүдэгрэхгүй нь.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна