“Рио-Тинто”-д 2.5 хувийн шинэтгэл өгнө

2015 оны 12 сарын 16

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон “Рио-Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компани хооронд байгууллаа. Энэхүү зээлийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагаас авах бөгөөд Рио-Тинто санхүүжилтийн баталгааг хариуцан, даажээ. Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6% байхаар тогтжээ. Анх 4.2 тэрбум ам.долларыг босгоно гэж байсан ч 4.4 тэрбум доллар болж өссөн байна. Үүний 0.3 тэрбум доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөж, 4.1 тэрбум доллар нь “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулагдах юм. Далд уурхайн санхүүжилтэд нийт зургаан тэрбум доллар шаардлагатайгаас 4.4 тэрбумыг ийнхүү олон улсын санхүүгийн байгууллага, банкуудаас босгож байгаа бол үлдсэн 1.6 тэрбум долларыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Харин Оюутолгой болон “Туркойз Хилл Ресурс”  компаниуд нь жил болгон бүтээн байгуулалтад зориулсан санхүүжилтийнхаа 2.5 хувийг “Рио-Тинто” компанид өгөх юм байна. Үүний 1.9 хувийг Оюу-Толгой, 0.6 хувийг “Туркойз Хилл Ресурс”  компани гаргана.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх оны эхний хагас жилд эхлэх төлөвлөгөөтэй байна. Уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилж, 2021 онд олборлолтыг эхлүүлэхээр урьдчилан тооцоолжээ. Товчхондоо хүдрийн орд руу нэвтрэх 200 километр туннел 5-7 жилийн хугацаанд баригдах юм.  Мөн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдана. Ингэхдээ өмнө нь тус уурхайд ажиллаж байсан залуу боловсон хүчнээ буцаан авна гэсэн тайлбарыг Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх хэлж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой юм.

Энэ оны есөн сарын байдлаар Оюутолгой манай улсын төсөвт 250 сая ам.долларыг татвар болгож төлсөн байна. Мөн 800 сая ам.долларын бэлтгэл ажил хийгдэж дотоодын эдийн засагт зарцуулагдсан. Нийтдээ есөн тэрбум ам.доллар бүтээн байгуулалтын ажилд буюу үндсэндээ манай улсын дотоодод зарцуулах тооцоо гарчээ.

Оюутолгой компанийн ашигт малтмалын чанар сайжирч, хөдөлмөрийн бүтээмж 20.1 хувиар нэмэгдсэн. Мөн 2015 оны хоёрдугаар улирлын баяжмалын олборлолт өнгөрсөн улирлын үзүүлэлтээс 64.6 хувиар өссөн зэрэг нь ийнхүү далд уурхайн санхүүжилтийг босгоход эергээр нөлөөлжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 


Зээл олгосон олон улсын санхүүгийн байгууллагууд:

  1. Export Development Canada,

  2. Тhe European Bank for Reconstruction and Development,

  3. Тhe International Finance Corporation,

  4. Тhe Export-Import Bank of the United States,

  5. Тhe Export Finance and Insurance Corporation of Australia

 

Зээл олгосон банкууд:

  1. BNP Paribas,

  2. ANZ,

  3. ING,

  4. Société Générale Corporate & Investment Banking,

  5. Sumitomo Mitsui,

  6. Standard Chartered Bank,

  7. Canadian Imperial Bank of Commerce,

  8. Crédit Agricole,

  9. Intesa Sanpaolo,

  10. National Australia Bank,

  11. Natixis,

  12. HSBC,

  13. The Bank of Tokyo-Mitsubishi UJF,

  14. KfW IPEX-Bank

  15. Nederlandse Financierings-Maatschappij voor Ontwikkelingslanden

 

Зээл

Хэмжээ

Хугацаа

Жилийн хүү

А ангиллын зээл

0.8 тэрбум ам доллар

15 жил

Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө 3.78%, Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө 4.78%

Санхүүгийн агентлагуудаас авч буй зээл

0.9

14 жил

Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө 3.65%, Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө 4.65%

 

0.4

13

АНУ-ын Экспорт Импортын Банкны бодлогын хүүгээр зохицуулагдана

Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгаат Агентлаг

0.7

12

Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө 2.65%, Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө 3.65%

B ангиллын зээл

1.6

12

Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө 3.4%, Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө 4.4%. Үүнээс гадна 15 жилийн хугацаатай 50 сая ам. долларын А ангиллын зээлийг багтаасан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна