Бохир улс төрийн золиос бонд болов уу?

2015 оны 12 сарын 16

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын гэрээг Улаанбаатарт байгуулсан нь дотоодын эдийн засагт төдийгүй гадаад зах зээлд эерэг хүлээлт бий болголоо. Энэ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын том амжилт төдийгүй гадаад зах зээлд Монголоос очиж буй сүүлийн үеийн цорын ганц сайхан мэдээ.

Монголын улстөрчдийн зүгээс Засгийн газрын хийсэн амжилтыг араас нь баллуурдчихгүй л бол энэ мэдээллийг хүлээж авсан хөрөнгө оруулагчид яг одоо алга ташиж байгаа болов уу?

Учир нь, Монголоос дэлхийд илгээж байгаа мессежүүд биднийг муу дээр муухай, муу дээр болчимгүй харагдуулах болсоор удаж байгаа юм. Болчимгүй, байр суурьгүй, араншингүй бидний монголчуудаас гадаадын хөрөнгө оруулагчид айх хийгээд болгоомжлох нь зүйн хэрэг. Тийм ч учраас Монголдоо бид хэдий чинээ сөрөг дүр бүтээнэ тэр хэрээр улсынхаа эдийн засгийг нураах “татар ажиллагаа” явуулж байна гэдгээ ойлгох цаг болжээ. “Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо” гэсэн үг бий. 

Монгол Улсын хөгжиж яваа эдийн засаг зөвхөн хөрш орнуудын анхаарлыг татдаггүй. Нэг талдаа байгалийн баялаг, эрдэнэсийн нөөц, нөгөө талдаа Хятадын зах зээлийн хажууханд орших газар зүйн байршил маань Монголын хамгийн том давуу тал болдог. Тэр утгаараа манай Засгийн газрын бондуудыг худалдан авах сонирхол гадныханд багагүй бий. Гэвч, монголчуудаас өгч буй мессеж, бидний өөр хоорондын маргаан, нам эвслүүдийн улстөржилт бүхэн тэднийг биднээс эмээж, болгоомжлоход хүргэх болжээ.

Үүний нэг илрэл бол Засгийн газраас гаргасан бондуудын ханш, тухайлбал, Чингис бондын ханш анх гаргаж байсан үетэйгээ харьцуулахад өдгөө бараг 20 хувиар буурсан явдал. Энэ нь монголчууд бидний хандлагад хөрөнгө оруулагчдын зүгээс тавьж буй “дүн” гэж хэлж болохоор. Бид хичээлээ хийдэггүй, зодоон цохион хийгээд явчихдаг хэр тааруухан сурагчийн дүрээр дэлхийд үнэлэгдэж байна гэсэн үг.   

Шинэчлэлийн Засгийн газрын олон улсын зах зээлд үнэт цаас гаргасан амжилтын буухиаг үргэлжлүүлж Шийдлийн Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд гаргахаар бэлтгэж эхэлсэн юм. Энэ хүрээнд төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх, өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртэлх ам.долларыг олон улсын зах зээлд арилжаалахыг Сангийн сайдад даалгаж байснаас хойш даруй зургаан сар өнгөрчээ. 

Чингис бондыг Монголын Засгийн газар 2012 оны яг өдийд буюу ганцхан сарын дотор, хамгийн хямд хүүтэйгээр арилжаалж байлаа. Харин өнөөдөр манай Засгийн газрын бондуудын ханш улам бүр унаж, шинэ бонд гаргах нөхцөл болоод орон зай хумигдаж байна.

Энэ нь нөгөө л бидний “Өрийн тааз хэтэрлээ”, “Гадаад өрөндөө дарагдлаа”, “Хөгжлийн банк мөнгө шамшигдууллаа”, “Чингис, Самурай бондын мөнгө алга боллоо” гэсэн тамын тогооны үлгэрийн маань “үр дүн”. Гадаад зах зээлд зарагдахаар төлөвлөж байсан Засгийн газрын 800 сая хүртлэх ам.долларын үнэт цаас, Хөгжлийн банкны 500 сая еврогийн бондыг арилжих хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь манай улстөрчдийн хийсэн популизмын “гавъяа”. 

“Бондын мөнгийг үрэн таран хийсэн” гэх болчимгүй мэдэгдэл хөрөнгө оруулагчдын чихэнд аль хэдийнэ хүрч, эрсдлээс болгоомжилсон хөрөнгө оруулалтын банкууд Монголын Засгийн газар, Хөгжлийн банкнаас энэ асуудлын үнэн, худлыг нотлохыг шаардсан байна. Худлаа үгийг тоть мэт мянга давтахаар “үнэн” болдог гэдэг чинь энэ шүү дээ.

Хөрөнгө оруулалтын банкуудын тавьсан шаардлагын дагуу Хөгжлийн банк үнэн мөнийг олохоор шүүхэд хандаад байгаа юм. Шүүхийн шийдвэр гаргах хүртэл Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд тоглох эрхээ хасуулсан гэсэн үг. 

Өнгөрсөн намраас эхэлсэн Хөгжлийн банк болон бондын мөнгийг тойрсон улстөрчдийн хэрүүл аравдугаар сард бүр эрчимжсэн. Үүний хариуд өнгөрсөн арваннэгдүгээр сард Moody`s агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг B2 хэмээн бууруулан зарлалаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хийсэн хоосон улс төр эдийн засгийг ийнхүү “хоосон” хонуулахад хүргэв. Уг нь бонд гаргах нь аль ч Засгийн газрын баримталдаг арга хэрэгсэл. Эхний бондын үр шим эргээд эдийн засагт орж ирэх хүртлээ, бондоос бондын хооронд амьдардаг замыг өнөөгийн бидний шүтээд байгаа өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн туулаад ирсэн замнал юм шүү дээ.

Дэлхийн улс орнуудын Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалж буй бондын хэмжээ 85 их наяд ам.доллар гэсэн статистик мэдээ байна. Энд Монголоор  овоглосон Чингис, Самурай бонд багтаж байгаа нь мэдээж. Бонд хэдийгээр өрийн нэг хэлбэр боловч хөгжлийн бас нэг гарц. Энэ гарцыг сонгоогүй Засгийн газар дэлхийд цөөхөн.

Чингис бондын үр дүн болоод ач холбогдлыг эдийн засагчид “Юун түрүүн, вэнчмарк тогтоож өгсөн. Ингэснээр бусад хувийн хэвшлийнхнийг зах зээлд гарч мөнгө босгох боломж, үүд хаалгыг нээсэн. Засгийн газрын мөнгө үрэх байдлыг хязгаарлаж байгаа. Ухаалаг бодлого гаргаж байна уу, үгүй юу гэдгийг олон улсын хөрөнгө оруулагчид үнэлгээ өгч байна” хэмээн тодорхойлж байна.

Харин улстөрчид юуг ойлгох ёстой вэ?

Бондын ханш унах нь ирээдүйд төлөх монголчууд бидний төлөх өр зээл нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банкны бонд сулрахын хэрээр Монголын төлөх өр ч нэмэгдэнэ. Өнөөдөр хэн нэгэн улстөрчийн хувийн тоглолтыг гадаад зах зээл Монголын парламент, төр засгийн бодлого мэтээр хүлээж авна.

Чингис бондын ханш нэг сарын дотор 1.7-3.8 хувиар унаж, Монгол Улсын бондын өгөөж муудсан нь хөрөнгө оруулагчдын итгэл суларч буйн шинж юм. Монголын Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчид цөөрч байгааг бондын ханшаас харж болохоор байна. Энэ тохиолдолд ирээдүйгээс босгох хөрөнгө оруулалт хүнд нөхцөлд, илүү үнэтэй олдоно гэсэн үг. Иймээс л өнөө, маргаашийнхаа улс төрийг бодохоос илүүтэйгээ ирээдүйн эдийн засгаа бодъё гэвэл үгээ цэгнэ, улстөрчид өө. Амьдралд улстөржүүлэх асуудал байна, огтхон ч улстөржүүлж болохгүй сэдэв ч гэж бий. Яагаад бондоор улстөржиж болохгүй гээч. Яагаад гэвэл  бонд хэзээд тухайн орны эдийн засаг, нэр хүндийн баталгаа болж байдаг. Бондын ханш унаж байгаа нь Монгол дэлхийд нэр нүүрээ алдаж байна гэсэн үг.

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна