Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзана

2015 оны 12 сарын 16

Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын 44 дэх Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Эрхэм зочныг дөнгөж сая Төрийн ордны баганат танхимд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхий сайд Хван Гё Ан уулзалтын үеэр хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурсан юм. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцахын дээр  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийх ажээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад дахин айлчилж байна. Энэхүү айлчлал Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд өрнөж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын үеэр төв замыг түр хаана

БНСУ-ын  Ерөнхий сайд Хван Гё Аны албан ёсны айлчлалын үеэр  зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаа нар өргөнөөр хамгаалалтад гарчээ.  Айлчлалын үеэр хотын төв зам болон бусад замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой цагуудаар хийх юм. Иймээс иргэд та бүхэн “Авто радио 96.9”-өөр замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг цаг алдалгүй авч, хөдөлгөөний нягтаршил багатай замыг сонгон, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас хүсч байна.

Т.ДАВАА, Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна