Хямрал бол өсөлтийн эхлэл...

2015 оны 12 сарын 16

-ХУУЧИН ЦАГИЙН ОРХИГДСОН АРАЛ ЭНЭ ЦАГИЙН БИЗНЕС ДҮҮРЭГ БОЛНО

Хямрал гэдэг өөрөө том боломж гэдгийг дэлхийн нэртэй олон эдийн засагчид онцолсон байдаг. Түүнээс гадна томоохон хямрал болгоны дараа эдийн засгийн эрчимтэй өсөлтүүд үзэгдэж, том бүтээн байгуулалт бизнесийн томоохон дүүргүүд баригдаж байсан түүх бий. Хэдийгээр манай эдийн засгийн өсөлт дэлхийг шуугиулж байсан 2011 оны 17.3 хувийн өсөлтөөсөө хамаагүй буурч, 12.3, 11.7 бүр 2014 онд 7.8 хувь руу орж ирсэн ч гэлээ бүтээн байгуулалт хийх том нөхцөл байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Дэлхийд саяхныг болтол АНУ-ын дараа хамгийн том эдийн засагтай орон гэгддэг байсан Японы үзүүлэлт /Одоо Хятадын дараа орсон ч дэлхийд гуравт ордог зах зээл/ хасахтай гардаг гээд бодохоор тун харьцангуй ойлголт юм даа. Манайхыг 17.3 хувийн эдийн засгийн өсөлттэй байхад Япон -0.5-тай байсан. Бидний өсөлт гэж авах юмгүй болчихлоо гэж гасалж байгаа 7.8 хувийн өсөлтийн дэргэд тэднийх -0.1 хувьтай байх жишээтэй.

Тэгэхээр бид огцом өсөлттэйгээ харьцуулаад хямраад байгаа болохоос биш бидэнд хийж бүтээх, босгох маш их нөөц бололцоо байгаа юм. Харин ч яг ийм үед дэлхийн том хотуудын бизнес дүүрэг цэцэглэн босч, бас яг энэ үед нь ухаалаг бизнесмэнүүд тэр дүүргээс өөрсдийн оффисын байр, үл хөдлөх хөрөнгөө өөрийнх болгож авсан байдаг билээ.

Бээжин хотын бизнес дүүргийн бүтээн байгуулалт 2008 оны эдийн засгийн хямралын үед эхэлж байсан. Яг үүнтэй адилаар Монголд тулгараад байгаа эдийн засгийн хүндхэн үе Улаанбаатар хотод маань анхны бизнес дүүргийг үлдээх гэж байна.

Бээжин хотын бизнес дүүрэг гэхэд л 2008 оны эдийн засгийн хямралтай байх тэр үеэс бүх зүйл нь эхэлж байсан гэдэг. Яг хотын төв талбай Тянь Ан Минийхээ дэргэд биш, гэхдээ холгүйхэн зайд Бээжингийн бизнесийн дүүрэг сүндэрлэсэн байдаг. Манайхаар бол Чингисийн талбайгаас тооцвол 32-ын тойрог орох хэрээний газарт байдаг гээд ойлгочиход болно. Одоо санхүү, хэвлэл мэдээлэл, бизнесийн томоохон байгууллагуудын төв энд л цугларч, энд оффистой байна гэдэг нь нэр төрийн хэрэг болжээ. Хятадад ажилладаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын 60 хувь нь энэ дүүрэгт төлөөлөгчийн газраа нээсэн нь нэгийг хэлнэ. Яг үүнтэй адилаар Монголд тулгараад байгаа эдийн засгийн хүндхэн үе Улаанбаатар хотод маань анхны бизнес дүүргийг үлдээх гэж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар 7 дугаар хорооллыг дахин төлөвлөж, шинэ дүүрэг болгох болсон билээ. Энэ дүүрэг бол хотын зүрхэн хэсэгт нь байх хамгийн анхаарал татсан ашигтай байрлалд байдаг. Олон жилийн турш гэр хорооллын айлууд шигж сууснаас энэ байрлалын үнэ цэнэ саяхныг болтол мэдэгддэггүй байлаа. Ердөө л нэг гэр хороолол гэж боддог байв. Энэ бүсийг нэг бол Дэнжийн мянгаар баруун талаар нь нэг бол зүүн талаар нь Зуун айлаар тойрч хойшоо урагшаа явдаг хаягдсан арал байлаа. Тийм ээ. Яг л орхигдож хаягдсан арал шиг байсан юм.

Гэвч дөрөвдүгээр дэлгүүрээс 32-ын тойрог орох шинэ замыг нээж айлуудыг нүүлгэн шилжүүлсэн цагаас хойш хүмүүсийн анхаарлыг татах болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Нийслэлийн хүмүүс энэ бүс нутагт бол Улаанбаатарын үүц нь байжээ гэдгийг саяхнаас ойлгож байна. Хамгийн ашигтай аятайхан байрлал, бас дахин төлөвлөлтөөр газрыг нь чөлөөлчихвөл шинээр бүтээн босгож болох өргөн боломж нийслэлд ганцхан энэ бүсэд л үлдсэн байсан юм. Ингээд нийслэлээс гаргасан бодлого чиглэл, бизнесийн компаниудын хамтарсан ажлын үр дүнд бизнес дүүргийн бүтээн байгуулалт эхэлсэн. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хойно байх Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын дээд сургууль саяхныг болтол мухар гудамжинд нам гүмхэн байрладаг байлаа. Харин одоо энэ хавьд жинхэнэ бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ сургуулиас 300 метрийн зайд гэхэд 17 барилга байгууламж баригдах зөвшөөрөл авсан байгаа бөгөөд дийлэнх нь худалдаа үйлчилгээний төв, офиссын барилгууд ажээ. Энэ бол бизнес дүүрэгт цэцэглэж байгаагийн энгийн нэг баримт. Нийслэлд хамгийн сүүлд барилгажилтад орж, шинээр бүтээн байгуулж байгаа энэ газарт урьд өмнөх бүх сул талуудаа зассан, зөв төлөвлөлттэй, асуудлуудаа шийдсэн, зогсоолоо төлөвлөсөн тийм газрууд босно гэдэг нь тэнд босч байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлж таарна.

Тиймээс үл хөдлөх хөрөнгөтэй болохоор төлөвлөж байгаа, өөрийн оффисын барилгатай болох гэж байгаа хүмүүс хямралтай гэгдэх энэ үе, бизнесийн дүүрэг босч байгаа энэ цаг мөчийг алдаж болохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна.Хөрөнгө оруулалтыг хаашаа, хэзээ хийх нь хамгийн чухал байдаг. Үл хөдлөх хөрөнгө авах гэж байгаа хүмүүст ирэх жил ч биш, дараа жил нь ч биш чухам өнөөдөр алтан үе нь ирээд байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм шүү. Ялангуяа 2020 он хүртэлх прогнозыг харахад 2016, 2017, 2018 онд үл хөдлөх хөрөнгийн үнэ жил дараалан өсөхөөр байгаа юм билээ. Тэгэхээр олон улсын жишгээс харахад бизнес дүүргийн үнэ цэнэ бусад хорооллуудаас үргэлж өсч байдаг. Дээрээс нь эдийн засгийн хямралаар үл хөдлөх хөрөнгийн үнэ буусан оргил үе одоо л байгаа учраас энэ боломжийг алдах ёсгүй ажээ.

Одоо маш их үнэтэй болсон Бээжингийн дүүрэгт багахан хэмжээний талбай олж авахаар дэлхийд нэртэй байгууллагууд, улс үндэстний элчин сайдын яамд хичээх болсон гэдэг. Төрийн байгууллагууд бизнесийн байгууллагынхантай яаж зэрэгцэж сэтгэж чадах билээ дээ. Тухайн үедээ дөнгөж баригдаж байхад нь хямд үнээр авах боломж байхад ашиглаж чадаагүй ЭСЯ-д одоо үнэ хаяж авахаар хичээж байгаа аж. Түүн шиг орхигдсон арал байсан энэ газрын үнэ цэнэ улам бүр тэнгэрт хадсан бизнесийн дүүрэг болчихоос нь өмнө амжиж гэрээ хийх нь чухал юм гэж саналаа. Та юу гэж бодож байна?

Үргэлжлэл бий...

Д.ҮЗЭГТЭН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна