Хүүхдийн мөнгийг хэнд олгохгүй вэ?

2015 оны 12 сарын 16

Ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга орчим хүүхдэд л олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 дугаар бүлэгт хамрагдсан айлын 100 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн үг юм. Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 он гарахаас өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой. Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан байх юм. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл, өрхүүдийг хэрэглээнд нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан байна. Дөрвөн жилийн өмнөөс дээрх нэгдсэн санг ашиглаж,  амьдралын боломж тааруу иргэдэд хүнсний талон өгч ирсэн байна.

Уншигч та чухам аль бүлэгт хамрагдсанаа мэдэхгүй байгаа бол өөрийн харъяалагддаг хороо, сум, дүүрэг, аймгийнхаа нийгмийн халамжийн хэлтэс, мэргэжилтэнд хандаж тодруулах боломжтой. Мөн та өрхийн амьжиргааны бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаатай санал нэгдэхгүй байгаа бол харьяа дүүргийнхээ Нийгмийн халамж, үйлчилгээний төвд дахин өргөдөл гаргаж, өрхийн амьжиргаагаа нягтлуулах ч боломж байгаа юм. Ирэх оноос хүүхдийн мөнгө олгохгүй 18,19, 20 дүгээр бүлэгт чухам ямар айл өрх багтсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албаныхан нууцалж байна. Ямартай ч 18-20 дугаар бүлгийн айл өрхийг хүүхдийн мөнгөөр дутахгүй, хүүхдийн мөнгө өглөө ч өрхийн амьжиргаанд нөлөөлөхгүй гэж холбогдох байгууллагууд тодорхойлжээ.

Жил ирэх бүр төрөлт нэмэгдэж байгаа учраас хүүхдэд зориулсан мөнгөн тэтгэмжид зарцуулах мөнгө нэмэгдэж иржээ. Засгийн газрын 70 дугаар тогтоолын дагуу 2012 оноос хүүхдийн мөнгийг 900 орчим мянган хүүхдэд өгдөг байсан бол дээрх тоо энэ онд нэг сая 25 мянга болсон байна. Хүүхдийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийг зарлагыг он бүрээр нь тооцвол 2013 онд 278 тэрбум, 2014 онд 312 тэрбум, 2015 онд 246 тэрбум төгрөг байх юм. Харин ирэх 2016 онд 144 тэрбум төгрөг болж буурчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна