Хууль бус хураамжийг зогсоосон гэв

2015 оны 12 сарын 16

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ сүүлийн үеийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн эхэнд арилжааны банкнууд иргэдээс авдаг нэг хувийн шимтгэлийн асуудлыг хүргэе. Банкнууд иргэдэд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авдаг явдлыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр болсон билээ. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн шийдвэр гарсан ч Дээд шүүхээс энэ хэргийг эргээд анхан шатны шүүх рүү шилжүүлсэн юм. Энэ дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болж “Банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна” хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Гол нь энэ шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас өөр хариу гаргасан гэж үзэн давж заалдахаар болоод байгаа юм. Т.Аюурсайхан даргын өнөөдөр мэдээлснээр давж заалдах шатны шүүх хурал ирэх долоо хоногийн лхагва гаригт 15.30 цагт Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогджээ. ШӨХТГ-аас энэ асуудалд их, дээд сургуулийн профессор, хуульчидтай хамтарч, зөвлөгөө авч ажиллаж байгаа гэв.

“Жаст Ойл”, “Магнай Трейд” ШТС-ыг торгохоор болжээ

“Магнай трейд”, “Жаст Ойл” компаниуд 2013 онд нэг өдөр шатахуун, дизелийн түлшний жижиглэн худалдаалах үнийг нэмсэн билээ. Тухайн үед ШӨХТГ-аас хоёр байгууллагын энэ үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. Улмаар “Жаст Ойл” компани 941 сая төгрөг, “Магнай Трейд” компани хоёр тэрбум 368 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэр гарсан. Харин тухайн үед хоёр компани шүүхэд гомдол мэдүүлж, өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсэн. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас гурван шатны шүүхээр бүгдэд ялалт байгуулсан учраас хоёр компанид торгуулийг оногдуулахаар болсон талаар мэдээллээ.

Хоёр компанид нийтдээ  гурван тэрбум 112 сая төгрөгөөр торгохоор болжээ. Тодруулбал, “Жаст Ойл” компанид 900 гаруй сая төгрөг, “Магнай Трейд” компанийг хоёр тэрбум гаруй төгрөгөөр тус тус торгохоор болсон байна.

Ломбардууд хууль зөрчиж байна

Улсын хэмжээнд 1000 гаруй ломбард байдаг. Үүний 560 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж. Тэгвэл барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудын тодорхой гурван үйлдэл нь Иргэний хуулийг зөрчсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, эд зүйлс дээр алданги тооцохдоо хуульд заасан хэмжээнээс илүү боддог. Тухайн эд зүйлийг худалдсан тохиолдолд илүү гарсан мөнгийг зээлдэгчид эргүүлэн төлдөггүй зэрэг зөрчилтэй байдаг. Тэгвэл тус байгууллагаас ломбардуудад энэ зөрчлөө арилгах шаардлага хүргүүлжээ. Гол нь цаашид Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцүүлэн хэрэглэгчтэй хийх гэрээгээ өөрчлөх шаардлагыг хүргүүлсэн гэв.

“Богд Асар” компани хууль бус хураамжаа зогсоосон гэв

Нэр бүхий орон сууцны конторууд иргэдээс илүү төлбөр авдаг зөрчил илэрсэн билээ. Тодруулбал, “Батбаян дулаан”, “Богд Асар”, “Тэлмүүн орд”, “Бадамлах нар” компаниуд иргэдийн орон сууцны төлбөр дээр 2400-11 000 төгрөгийн илүү мөнгө сар бүр авдаг нь илэрсэн юм.

Мөн “Таункомфорт”, “Азын завод”, “Цонхлон үйлс” зэрэг компаниуд иргэдээс сар бүр 4-5 мянган төгрөгийг илүү авдаг нь илэрсэн билээ. Тэгвэл эдгээр компанийн хууль бус үйлдэл бүрэн зогссон хэмээн мэдээлж байна.

Дээрх дөрвөн компанийн гурав нь зөрчлөө тэр дор нь таслан зогсоохоо мэдэгджээ. Гэвч “Богд Асар” компани иргэдээс илүү төлбөр авсаар байсан аж. Тухайлбал, тус компани 1730 айлаас сар бүр 6000 төгрөг илүү авсаар иржээ. Тэгвэл энэ үйлдлийг цагдаагийн байгууллагад шилжүүлснээр хууль бус ажиллагаагаа бүрэн зогсоохоор болсон байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна