82 настай дуучинд хорих ял оноожээ

2015 оны 12 сарын 16

Монсеррат Кабалье

Фото: Lubos Pavlicek / CTK Photo / Global Look

 

Испанийн дуурийн дуучин, 82 настай Монсеррат Кабалье залилан хийсэн хэргээр зургаан сар хорих ял оноосон хэмээн Испанийн АВС хэвлэлд өгүүлсэн байна. Дуучин тоглолтынхоо хөлсийг Испанийн татварын албанаас нуусны улмаас ийн ял сонсчээ.

 

Өнгөрсөн мягмар гаригт Барселона хотод болсон шүүх хурал Кабальег 255 мянган еврогоор торгожээ. Үүний зэрэгцээ, түүнд улсын төсвөөс тэтгэмж, тусламж авахыг жил хагасын хугацаанд хориглосон байна.

 

82 настай дуучин “бие муу” гэсэн шалтгаанаар шүүх хуралд оролцоогүй ба гэрээсээ видео холбооны тусламжтайгаар тэр өөрийн бүх бурууг хүлээжээ. Барселона хотын прокурор 2014 оны дөрөвдүгээр сард 500 мянган еврог татвараас нуусан гэж сэжиглэсэн байлаа. Мөрдөн байцаалтын явцад дуучин гадаадад хийсэн тоглолтынхоо гэрээг Андоррагийн компаниар хийлгээд харин өөрөө Испанид амьдарч байсан нь тогтоогджээ. Шоронд суухгүйн тулд дуучин прокурорын газартай сайн дураар хамтран ажиллахаар 2014 оны арванхоёрдугаар сард тохиролцсон байв.

 

Монсеррат Кабалье нь сопрано хоолойтой дуучин бөгөөд өндөр ур чадварын бельканто техникээр алдаршсан юм. Тэрээр Жакомо Пуччини, Винченцо Беллини, Доменико Доницетти, Вольфганг Амадей Моцарт, Рихард Вагнер зэрэг сонгодогуудын хамт дуурийн 80 гаруй дүрийг тайзнаа амилуулсан нэгэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна