"Далд уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжилнэ"

2015 оны 12 сарын 16

Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ. Энэ талаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. 

-“Оюутолгой” комтанийн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нийтдээ 15 арилжааны банк, таван хөгжлийн банк хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Банк бүр өөрсдийн чадамжид тохирсон эргэн төлөлтийн нөхцөлөөр хөрөнгө оруулж байгаа. Ерөнхийдөө 12-15 жилийн хугацаатай зээл олгож байгаа. Энэ хугацаанд “Оюутолгой” компани өөрийн мөнгөн урсгалаас төлнө. Энэ зээлийг авсан гол зорилго нь далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг тасралтгүй хийж чадах эх үүсвэрийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Үүнээс гадна зах зээлийн хүнд нөхцөлд банкуудаас ийм шийдвэр гаргуулж чадсан нь том алхам урагшилж байгаагийн илрэл.

-Далд уурхайн бүтээн байгуулалтын эхний санхүүжилт хэзээ орж ирэх вэ?

-Дараагийн барилгын улирал эхлэхээс өмнө мөнгө санхүүгийн асудлаа шийдчих байх. Ер нь төсөв орж ирэхээс өмнө нарийн тооцоо судалгаа хийх шаардлагатай. Ингэж байж алдагдалгүй хөдөлж, мөнгөө ашигтай зарна.

-Далд уурхайн бүтээн байгуулалт хэдий хэмжээний өртгөөр босох төлөвлөгөөтэй байна вэ?

-Урьдчилсан байдлаар 6-7 тэрбум ам.долларын зардал гарна гэж төлөвлөсөн. Үүнийг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Нэг нь компанийн өөрийнх нь чөлөөт мөнгөн урсгал, нөгөө нь банкны зээл. Хэрэв үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зах зээл дээр сайн байвал компанийн чөлөөт мөнгөн урсгал илүү байна гэсэн үг. Тиймээс 4,4 тэрбум ам.долларыг өнөөдөр зээллээ. Үлдсэнийг компани өөрөөсөө босгоно. Хэрэв бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр муу байвал дахиад зээл авч болно.

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийснээр Монгол Улсын эдийн засагт ямар эерэг хандлага үүсгэх вэ?

-Гол нь нэг тэрбум ам.доллар эдийн засагт орж ирнэ гэсэн суурь судалгаа байна. Энэ төсөөлөл нь муу ч юм биш л дээ.

-Ханган нийлүүлэлтийг дотооддоо шийдэх боломжтой юу?

-Бид анхнаасаа дотоодын хүчээ дайчлах зорилго тавьж ирсэн. ТУЗ дээр ч, төсөв санхүү батлахдаа ч, энэ бодлогоо хэрэгжүүлж байгаа. Хамгийн гол нь манайхан чанартай, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хийдэг байх хэрэгтэй. Гэхдээ чанартай сайн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь энэ гээд зах зээлээс үнэтэй байвал бид худалдан авах боломжгүй. Үнэ тариф нь дэлхийд өрсөлдөхүйц байх хэрэгтэй. Тэгж чадвал таван жилийн турш бүтээн байгуулалтын ажилд ханган нийлүүлэх боломжтой болж байгаа юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна