Обамаг үрэлгэн гэж шүүмжлэв

2015 оны 12 сарын 16

 

Барак Обама Цагаан ордны тэргүүний хувьд сүүлчийн Зул сарын амралтаа Хавайн аралд өнгөрүүлэхээр бэлтгэж байна.

 

Харин ерөнхийлөгчийн Хавай дахь амралт хэтэрхий их зарлага гаргаж байна гэх шүүмжлэл хэдийн гарчээ. Барак Обамаг нэг цагийн 206,000 ам.долларын өртөгтэй Air Force One онгоц хөлөглөх гэнэ. АНУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Мишель, тэдний охид Саша, Малиа нар хоёр нохойтойгоо хоёр долоо хоногийн амралтанд нийт 3.5 сая ам.доллар зарцуулах ажээ.

 

Обамагийнхан Хавайд амрах болгондоо Оаху арал дээрх дээд зэрэглэлийн зочид хүлээн авдаг Кайлуа хотхонд байрлаж, явган аялж, гольф тоглон, найз нөхөд, гэр бүлээрээ тансаг ресторанд зоог барьдаг уламжлалтай юм байна. Ерөнхийлөгчийн зарлагын хяналт хэмээх байгууллагаас түүнийг татвар төлөгчдийн мөнгөнд үрэлгэн хандахгүй байхыг уриалжээ. АНУ-ын ерөнхийлөгчийг хаана ч явсан дагалдан явж, аюулгүй байдлыг хангадаг тусгай албаны нэг өдрийн зардал л гэхэд хэдэн мянган ам.доллар болдог байна.

 

Дээр нь ерөнхийлөгчийг амарч буй үед Хавайн орон нутгийн цагдаа, түргэн тусламжийн алба болзошгүй халдлага, гамшиг ослын үед бэлэн байхын тулд 24 цагаар ажилладаг.

 

Ерөнхийлөгч амралтанд явахдаа байрлах буудлын түрээсийг хувиасаа төлдөг боловч тусгай алба, өдөр тутмын зардал нь нийтийн сангаас гардаг байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна