“Улаанбаатар сити” багт жилийн 300 саяыг зарцуулна

2015 оны 12 сарын 16

Залуу бизнесмэн Г.Дашням “Улаанбаатар сити”багт жилийн 300 саяыг зарцуулна

2015 онд Монголын хөлбөмбөгт болоод дотоодын спортын түүхэнд байгаагүй хамгийн том 500 сая төгрөгний шагналын санг “Хүрхрээ” брэнд амлаж, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компани хөлбөмбөгийн дээд лигийг жилийн 100 сая төгрөгийн шагналын сантай болгосон. Мөн доод дивизон болох “Хүрхрээ” үндэсний 1-р лигийн тэмцээнийг зохион байгуулсан нь тамирчдын чанар чансаа, хоорондын өрсөлдөөн цаашлаад дотоодын хөлбөмбөгийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлсэн үйл явдал болсон. Гадны өндөр хөгжилтэй орны жишгийг даган дээш дэвших, доош унах систем хэрэгжиж эхэлсэн нь өөрөө бодит үр дүнгээ өгч тоглолт бүрийг үнэ цэнэтэй болгож чадлаа.

Өнгөрсөн жилийн “Хүрхрээ” үндэсний 1-р лигт “Баянгол ФС”, “Континенталь” болон “Хангарьд Сити” гэсэн гурван клуб сүүлийн тойрог хүртэл өрсөлдөж, эцсийн мөчид “Континенталь” ба “Хангарьд Сити” багууд “Хүрхрээ” үндэсний дээд лигт дэвшин орох эрхийг авсан юм. Дээд лигт орно гэдэг асар том хариуцлага, үүнийгээ дагаад шагналын тоо ч хэд дахин өсөх юм. Саяханы болж өнгөрсөн “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол дээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ноён Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ: Хандивын спорт хэзээ ч хөгждөггүй юм. Спортыг хөгжүүлэхийн тулд цаашид бизнес болгох хэрэгтэй хэмээн ярьсан билээ. Яагаад үүнийг иш татаж байна вэ ? гэхээр ирэх жил дээд лигт орох нь тодорхой болсон ч ямархуу амжилт үзүүлэх нь тийм ч тодорхой биш байсан “Хангарьд Сити” баг худалдагдлаа. Өөрөөр хэлбэл өөрсдийн багийн нэрээ тэд “МТ Групп”-ын охин компани болох “Эй Ар Би” ХХК-д 15 сая төгрөгөөр худалдлаа. “Эй Ар Би” ХХК-ийн захирал Г.Дашням тус клубыг худалдан авч “Улаанбаатар Сити” болгож буй бөгөөд 300 сая төгрөгөөр хүчээ сэлбэж ирэх онд “Хүрхрээ” үндэсний дээд лигт цахиур хагалахаар төлөвлөж байна.

Хөлбөмбөг сонирхогч бид бүхэн хагас жил хүрэхгүй хугацааны дараагаар “Их хотын нийслэл Улаанбаатар”-аар нэрлэгдсэн дөрвөн багийн ширүүн өрсөлдөөнийг харах боломжтой боллоо.

Мөн “ФС Улаанбаатар” багийн эзэн Б.Гантиг, “Улаанбаатарын Унаганууд” багийн эзэн Г.Анархүү болон шинээр байгуулагдаж буй “Улаанбаатар Сити” багийн эзэн Г.Дашням нар нэг үеийн залуус гэдгийг дурьдах нь зүйн хэрэг. Улсдаа ихийг хийж бүтээж яваа эдгээр залуус “Хөлбөмбөг” гэдэг агуу спортод нэгэн зэрэг хөл тавьж буй нь энэхүү спорт цаашид улам дэлгэрэн хөгжиж, зөв чиглэлдээ орж байгаагийн тод жишээ бөгөөд дасгалжуулагч тамирчид дуртай зүйлээрээ амьдрах боломжийг давхар нэмэгдүүлсээр байгаа нь сайшаалтай.

“Арвайн Үндэс” компанийн зоригтой шийдвэрийн ачаар хөгжил дагуулсан “ҮР” улам дэлгэрсээр байх болтугай. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна