А.Баярцэцэг: Бид хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байсан

2015 оны 12 сарын 16

Арваннэгдүгээр сарын 18-наас арванхоёрдугаар сарын 5-ны хооронд Австрийн нийслэл Вена хотноо болсон “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээнд амжилттай оролцож, 95 орноос топ 16-д үлдсэн мисс А.Баярцэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө “Эх дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож танд баяр хүргэе. Тэмцээний шалгаруурын талаар товч танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Эх орноо төлөөлөн дэлхийд нэр хүндтэй энэ тэмцээнд оролцоод ирсэндээ баяртай байна. Юуны өмнө энэхүү тэмцээнд оролцоход надад тусалсан, намайг дэмжсэн бүхэнд талархаж байна. “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээнд дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдсөн. Тэмцээний дундуур 10 шалгуур үзүүлэлт болсноос 50 хувьд нь амжилттай оролцож, дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн байгаа. Фото шалгаруулалтын ангилал, үдшийн гоёлын даашинз болон багийн бүтээлч сэтгэлгээний төрөлд алтан медаль хүртэж, үдшийн гоёлын даашинзны төрөлд “Шилдэг коктейл даашинз” буюу богино даашинзтай алхаанд хүрэл медаль хүртсэн. Гоёлын даашинзнуудыг дизайнер Д.Отгонжаргалын урласан. Мөн финалын шалгаруулалт болохын өмнө бүх оролцогчдоос будаггүй нүүр тулсан ярилцлага авсан. Энд хүн бүр хоёр минутад багтааж өөрийгөө илэрхийлэх ёстой. Ер нь явцын үнэлгээ болон энэхүү ярилцлагаас шилдэг 16 оролцогчоо сонгож авдаг.

Австрийн Вена хотод гурван долоон хоногийн турш байхдаа Монгол гэдэг нэр хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадсанд л зорилго маань оршиж байна. Магадгүй надад дараагийн удаа боломж гарвал үүнээс сайн оролцоорой гэсэн ч байж мэднэ.

-Явцын шалгаруулалтад таны үнэлгээ өндөр байсан. Шилдэг 16-д орж, цааш титмийн төлөө өрсөлдөх боломж байна гэдэг нь харагдлаа шүү дээ. Гэтэл дүн өөрөөр гарч олныг бухимдуулсан болов уу?

-Ер нь үүнийг тал бүрээс нь харж дүгнэсэн. Санаанд хүрсэн зүйл байгаа. Бас өөрийн оролцоогүй хүрч чадаагүй юм байна. Би энэ удаад  Монгол Улсынхаа нэр хүндийг яаж гаргах вэ гэдэгт л илүү анхаарсан. Тэр олон хоногийн турш монголчууд маань нэг баг болж, дэмжсэнд их талархаж байна. Улсаараа зүтгээд титмийг авчраагүй ч Монгол гэдэг нэр хүндийг дэлхийд гаргасандаа баяртай байна. Австрийн Вена хотод гурван долоон хоногийн турш байхдаа Монгол гэдэг нэр хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадсанд л зорилго маань оршиж байна. Магадгүй надад дараагийн удаа боломж гарвал үүнээс сайн оролцоорой гэсэн ч байж мэднэ.

-Явцын шалгаруулалтын видео танилцуулгад өөрийн чинь бэлтгэсэн видео сонирхолтой байсан. Энэхүү шалгаруулалтын талаар юу гэж хэлэх вэ?

-Энд бидний ойлгоогүй зүйл байсан. Энэхүү видео танилцуулгыг хийхийн тулд маш олон хүний хөдөлмөр шингэсэн байгаа. Видео танилцуулгад топ-4-т миний видео орсон. Статистик талаас нь авч үзвэл миний видеог 180 000 хүн үзэж, 17 мянган хүн түгээсэн байсан. Харин АНУ-ын миссийн видеог 4600 хүн үзэж, 55 удаа түгээгдсэн ч тэд түрүүлсэн. Магадгүй шүүгч нарт АНУ-ын видео илүү таалагдсан байх. Аливаа тэмцээнийг явуулахад санхүүжилтийн асуудлаас эхлээд шаардлагатай зүйл их байна. Тиймээс том гүрнүүд илүү түлхүү өндөр үнэлгээ авч байгаа нь харагдсан.

-Тэмцээний дундуур болсон илтгэлийн тэмцээнд Ази тивийн төлөөллийн баг түрүүллээ. Финалын өдөр тайзан дээр шагналыг гардуулсан болохоор үүнийг дэлхий нийтээрээ харлаа. Бас өөрөө Ази бүсгүйчүүдээ төлөөлөөд илтгэлээ уншсан гээд бахархалтай зүйл их байлаа.?

-Энэ жилийн “Эх дэлхийн мисс” тэмцээний нэг онцлог нь НҮБ-ын байрнаас илтгэл тавих байлаа. Энэхүү илтгэлийн тэмцээн анх удаа болсон юм билээ. Бид тив тивдээ баг болж өрсөлдсөн. Үүний өмнө Вена хотод байрлах НҮБ-ын төв байранд нэг өдрийн турш “Байгаль орчноо хайрлан хамгаалах” экологийн чиглэлээр семинарт суусан. Үүний дараа таван тивийн оролцогчдын дунд тухайн тивдээ тулгамдаж байгаа асуудлаар 4-6 минутын илтгэлийн уралдаан зарласан. Миний хувьд Ази тивийн 30 миссүүдээ төлөөлөөд илтгэлээ уншсан. Харин энэхүү шалгаруулалтыг финалын өдөр зарласан. Гэтэл бид багаараа түрүүлж, хүндэт сертификат авсан. Үүнийг тайзан дээр гардуулсан нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа.

“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог. Энэ жил титмийн эзнээр Филиппиний мисс Анжелиа Онг тодорсон. Мөн топ дөрөвт АНУ, Австрали, Бразилын бүсгүйчүүд шалгарсан. “Эх дэлхийн мисс” болсны үүргийнхээ дагуу хүн бүрт хийх зүйл байгаа. Миний хувьд ч гэсэн ирэх онд үүргээ сайн биелүүлнэ.

-Олон хоногийн турш өөрийг чинь дэмсэн хүмүүстээ хандаж юү хэлэх вэ?

-Тиймээ би үүнд их талархаж байна. Үнэхээр тэр өдрүүдэд Монголоо дэмжиж байна гэсэн мэссэжийг сэтгэл, зүрхээрээ мэдэрч байлаа. Би энэ үед хүмүүсийн хайрыг илүү их мэдэрсэн. Австрид байгаа монголчууд миний төлөө, эх орныхоо төлөө далбаагаа бариад, үндэсний хувцсаа өмсөөд дэмжих гээд ирсэнд талархдаг. Тэнд суугаа Элчин сайд маань хүртэл гэр бүлийн хамт хүрээд ирчихсэн дэмжсэн. Нээрээ нэг сайхан зүйл болсон шүү.

-Ямар?

-Авьяас үзүүлбэрт би үндэсний этник бүжгийг монгол бичиг калиграфитай хослуулан хийж, шилдэг 12-т багтсан. Энэхүү үндэсний этник бүжгийг бүжиг дэглээч Цэцэгээ дэглэсэн. Гэтэл авьяасын үзүүлбэрийн үеэр Элчин сайд маань хүрч ирээд туслаад байсан. Харин бусад орны миссүүд аав, ээж чинь ирчихсэн юм уу гээд асуухаар үгүй “Манай улсын элчин сайд, гэр бүлийнхээ хамт ирж намайг дэмжиж байгаа юмаа” гэхэд гайхаад байлаа. Энэ бүгдээс харахад бид бүгдээрээ Монголынхоо төлөө л байлаа. Тэнд харуулах, үзүүлэх зүйл маань төгс байж, эх нутгийнхаа нэрийг л гаргах чухал гэдгийг бүгд ойлгосон. Та бүхэн ч гэсэн харсан шүү дээ. Финалын шалгаруулалтын өдөр Монгол гэсэн дэмжлэг ямар хүчтэй байлаа. Мөн монголчуудаас гадна гадаад орныхон хүртэл дэмжиж байлаа. Тэр дундаа Филиппин хүмүүс их дэмсэнийг харахад өөрийнхөө хэмжээнд би титмийн төлөө хүчтэй өрсөлдөгч байснаа ойлгосон.  Тэнд алхам тутамдаа хайр гэдгийг мэдэрсэн. Одоо ч тэр сайхан мэдрэмжээсээ салаагүй  л байна. Тайзан дээр алхаж явахад Монголынхоо далбааг хараад, Монгол гэх үгийг сонсох сайхан байлаа.

-Финалын наймыг зарлах үед юу бодогдож байсан бэ?

-Тэр үед жаахан сандарч байсан. Гэхдээ аль болох өөртөө итгэлтэй хэвээр үлдсэн дээ. Дараа нь намайг топ-8-д үлдээгүйд олон фэнүүд гонсойсон. Гэхдээ тэднээс их урмын үг авлаа. Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д үлдэнэ гэдэг бол үнэхээр хэцүү юм билээ. Гэхдээ би өөртөө итгэлтэй байлаа. Бэлтгэл сайн байсан. Бас явцын үнэлгээ өндөр байсан болохоор их итгэлтэй байсан. Шүүгчийн мэдрэмж, хараа л чухал байх.

-Шүүгч нартай уулзах боломж байсан уу?

-Явцын шалгаруулалтын үед би их идэвхтэй байсан. Бас гадаад хэлний маань мэдлэг үүнд нөлөөлсөн. Тэгэхээр шүүгч нар ч гэсэн анхааралдаа авсан нь дамжиггүй. Зарим шүүгч “Хийж байгаа зүйлдээ битгий бууж өгөөрэй. Яг одоо ямар мөрөөдөлтэй байна. Түүнийгээ хийгээрэй. Амьдралд заримдаа бас хүссэнээр болдоггүй. Чи үнэхээр шилдэг нь байсан шүү” гэж хэлэхийг сонсоод баярлаж байлаа. Үүнийг сонсоод хүн цаг тутамд ялна гэдэг бол таамаглаж болохгүйг мэдэрсэн. Мэдээж хамгийн чадлаараа хийх гэсэн ялалтыг хэн ч 100 хувь баталж чадахгүй шүү дээ.

-Ажлын шаардлагаар их олон оронд явжээ. Ирэх онд Монголдоо суурин байх уу?

- Би “Сант” сургуулийг төгссөний дараа ШУТИС-ийг КТМС-ийг маркетингийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Их сургуульд сурч байхдаа Европын холбооны тэтгэлэгт хамрагдаж, Испани болон Өмнөд Африкт суралцаж байсан. Сүүлийн жилүүдэд АНУ-д жүжигчний дасгалжуулагчдын удирдлагад суралцсан. Тиймээс цаашид ажлын шаардлагаар АНУ, Монголд ирэн очин байх юм. Энэ жилийн хувьд “Марко Поло” киноны хоёрдугаар ангид тоглож, олон орноор кино зураг авалтаар явсан. Ажлын шаардлагаар гадаадад байх нь их болоод байна. Гэхдээ мэдээж мисс хүнийхээ хувьд бүтэн жилийн хугацаанд хийх зүйлээ хийнэ. 120 гаруй мод тариад байгаа “My club” клубын мод тарихаас эхлээд бусад төлөвлөгдсөн ажлууд их бий.  

-“Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth-ын титмийг авсан миссийн зорилго нь юу вэ?

-“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог. Энэ жил титмийн эзнээр Филиппиний мисс Анжелиа Онг тодорсон. Мөн топ дөрөвт АНУ, Австрали, Бразилын бүсгүйчүүд шалгарсан. “Эх дэлхийн мисс” болсны үүргийнхээ дагуу хүн бүрт хийх зүйл байгаа. Миний хувьд ч гэсэн ирэх онд үүргээ сайн биелүүлнэ.

Эх орноо төлөөлөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцоход дэмжиж  тусалсан хүмүүстээ танай сайтаар дамжуулан талархал илэрхийлмээр байна. “Miss Earth” тэмцээний турш дэмжиж байсан монголчууд та бүхэндээ үнэхээр их баярлаж байна. Хамтран ажилласан маш олон байгууллага байна. Гэр бүл, найз нөхдөөс эхлээд тэмцээний ментор Стефен Диаз багшдаа, энэхүү боломжийг олгосон мисс Б.Гантогоо, PR ажлыг бүхэлд нь хариуцсан Promotion Craft компани, хувцсыг хариуцсан Говь ХК, Торго ХХК, Дизайнер Д.Отгонжаргал, O Couture, Michel&Amazonka, Precious Fashion House, Ур Ундрах салон, DIVINE брэнд, МИАТ ХК-т талархаж байна. Мөн 120000 мод тарьсан My Club, үндэсний Бичиг соёл төв, Бүжиг дэглээч Цэцэгээ, UBS TV, Cosmopolitan, www.news.mn, www.medee.mn, Топ модель багш Г.Уранцэцэг, “Орчлон” сургууль, Австри дахь Монголын элчин сайдын яам, Монголын төлөөх зүрх бүхэнд ТББ, Дуучин Б.Сонгууль, Ace Studio, Zoljargal&Son films, Eco TV болон Марко Поло киноныхоо хамт олонд итгэж, хайрлаж, дэмжсэнд тань чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.    

 

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна