Тэрбумтнууд 20 жилд тав дахин нэмэгджээ

2015 оны 12 сарын 16

Жеф Безос

Фото: Victoria Bonn-Meuser / dpa / Global Look

 

Дэлхийн ам.долларын тэрбумтнуудын тоо хорь гаруй жилийн дотор 4,76 дахин нэмэгдэж, 1347 хүн болжээ хэмээн UBS ба PricewaterhouseCoopers (PWC) хоёрын хамтарсан илтгэлд тэмдэглэснийг Rambler News Service мэдээлэв.

 

Баримтад өгүүлснээр, хамгийн баян хүмүүсийн хөрөнгө дэлхийн эдийн засгийн өсөлтөөс эрчимтэй нэмэгдэж байна. 1995 оноос хойш дэлхийн нийт тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ найм дахин нэмэгдэж, 5,4 их наяд болжээ. Энэ хугацаанд дэлхийн эдийн засаг гурав дахин нэмэгдэн 77 их наяд долларт хүрээд байгаа юм.

 

Бизнесийн 289 төлөөлөгчдөөс зөвхөн 126 хүн л өнгөрсөн хорин жилд чансааны жагсаалтад хэвээр үлдсэн нь 1995 оны тэрбумтнуудын 44 хувь болж байна гэдгийг шинжээчид хэллээ. Энэ үеэр тэрбумтан эмэгтэйчүүдийн тоо 6,6 хувиар нэмэгдэн 145 бүсгүйчүүд жагсаалтад багтжээ. Гэхдээ хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 90 хувь нь эрчүүд юм.

 

Арванхоёрдугаар сарын 10-нд Forbes өнгөрч буй оны хамгийн амжилттай тэрбумтнуудыг нэрлэсэн. Тэрхүү чансааны тэргүүнд Amazon компанийн ерөнхий захирал Жеф Безос бичигдлээ. Тэрээр 2015 онд 29,5 тэрбум долларын ашиг олж чадсан нь дэлхийн хамгийн дээд амжилтыг харууллаа. Харьцуулахад, энэ оны гуравдугаар сард тэрээр хамгийн баян хүмүүсийн дунд 15 дугаар байрт байлаа.

 

Энэ жилийн хамгийн амжилттай бизнесменүүдийн чансааны хоёрт, хөрөнгөө 11 тэрбумаар нэмсэн Facebook-ийг үүсгэн байгуулагчдын нэг Марк Цукерберг байна. Гуравт нь Google-ийн шинээр зохион байгуулагдсан эх компани Alphabet-ийн ерөнхий захирал Ларри Пейж оржээ. Тэрээр хөрөнгөө 9,2 тэрбумаар нэмэн нийт 45,6 тэрбумын эзэн болжээ.

 

Араас нь 2015 онд 8,9 тэрбумаар ашиг олж хөрөнгөө 37,6 тэрбум болгосон Alphabet-ийн тэргүүн Сергей Брин, Bloomberg LP компанийг үндэслэгч бөгөөд эзэн Майкл Блумберг нар жагсч, айргийн тавд багтжээ. Блумбергийн хөрөнгө 40,5 тэрбум ам.доллар болжээ.

 

Аравдугаар сард Bloomberg агентлаг дэлхийн ажил хэрэгч хүмүүсийн чансааны Most Influential жагсаалтаа оросуудгүйгээр гаргасан байна. Тэр жагсаалтадаас нь Alibaba Group-ыг үндэслэгч Жек Ма, Украины тэрбумтан Ринат Ахметов нар хасагджээ. Дөнгөж 14 хүн л шинэ чансаанд өөрсдийн байраа хадгалан үлдсэн байна. Тавин хүнийг багтаасан тэр жагсаалтад Tesla-гийн тэргүүн Илон Маск, Apple-ийн ерөнхий захирал Тим Кук, санхүүч Уоррен Баффет, Карл Айкан, Марио Драги, АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Жанет Йеллен нар байр сууриа бататган үлдэж чаджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна