Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны /МХҮХ/ Ерөнхийлөгч Д.Гэрэл, МХҮХ-ны Нарийн бичгийн дарга П.Шинэчимэг, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн захирал З.Болдсайхан, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэрийн Гадаад харилцааны ажилтан Л.Ариунболд нар байлцлаа.

МХҮХ-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан цаг заваа гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “Монголд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга гаруй иргэн байна. Эдгээр иргэд маань өнөөгийн нийгэмд бусдын нэгэн адил ажиллаж хөдөлмөрлөж, эрхээ эдлэн амьдарч хараахан чадахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол нийт улс орны асуудал. Сүүлийн үед засаг төрөөс энэ асуудлыг анхаарч байгаа нь сайшаалтай. Тухайлбал Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад байна” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Зөвхөн дээрх хууль гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бодлого, шийдвэрүүдэд бид бүхний оролцоо чухал байна. Иймээс энэ оролцоог хангах тал дээр хамтран ажиллаж, дэмжин, олон нийтийг уриалахыг Ерөнхийлөгч танаас хүсч байна. Жишээ татахад АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөлтэй байдаг.

Монгол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэж орсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол Улсын тайлан, илтгэлийг авч хэлэлцсэн. Бид Засгийн газартай хамт Женев хотноо энэхүү тайланг тавин, зөвлөмж гаргахад бид саналаа тусгасан. Энэ мэтээр бид нэг үеэ бодоход идэвхтэй ажиллаж, бусад улс орнуудын туршлагыг судалж байна. Иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог парламент зэрэг хууль санаачлах байгууллагуудад хангах хууль журамтай улс орнууд ч байна. Иймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөн ярилцаж байгаа өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, УИХ болон Засгийн газрын түвшин дэх оролцоог хангах тал дээр таныг манлайлан ажиллахыг хүссэн юм. Мөн хараагүй иргэдийн боловсролыг дэмжих тухай асуудлаар ч юм уу тодорхой нэг асуудлаар ард нийтдээ хандаад уриалга гарган ажиллахыг танаас хүсч байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асуудал бэрхшээлээ шийдвэрлэх тал дээр идэвхи гарган, улам их оролцоотой ажиллаж байгааг сайшаагаад энэ асуудалд онцгой анхааран ажиллахаа мэдэгдэв. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх, эрх ашгийг нь хамгаалах тал дээр, уриалга гаргах, Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргах боломжтойг дурдав. 

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна