Ц.Баатарсайхан татгалзвал дуудлага худалдааг дахина

2015 оны 12 сарын 16

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас  өчигдөр “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахыг “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханд санал болгожээ. Одоогоор Ц.Баатарсайхан нийслэлийн Өмчийн харилцааны газарт албан ёсны хариу өгөөгүй байна. Хэрэв Ц.Баатарсайхан тус хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авахгүй, газрыг эзэмшихгүй гэвэл дахин нийслэлийн Өмчийн харилцааны газраас нээлттэй худалдаа явуулахаар төлөвлөжээ.

Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаанд оруулсан билээ. 2698 метр квадрат бүхий эзэмшил газартай тус барилгын дуудлага худалдаанд зургаан иргэн, гурван аж ахуйн нэгж оролцсон. Дуудлага худалдаа Монгол Улсын иргэн Абдул Карим, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, иргэн Б.Отгонжаргал нарын хооронд өрнөж, Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал хэлснээр уг барилгыг авахаар болсон юм. Гэвч иргэн Абдул Карим монголчууд гэр бүлийн нэр хүндэд нь халдсан гэх шалтгаанаар уг барилгыг худалдан авахаа татгалзсан албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт энэ сарын 04 ний өдөр хүргүүлсэн байдаг. Гэхдээ хуулиараа Абдул Карим дэнчингийн 715 сая төгрөгийг хотод төлсөн.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна