Шүүхийн шилдгүүдийг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Шүүхийн шилдгүүдийг шалгарууллаа

Д.Сувд: Хууль сурталчлахад анхаарч ажиллалаа

Шүүхийн шилдэг тамгын газарт 92.95 оноогоор "Бүрэн хангалттай” үнэлгээ авч нэгдүгээр байранд шалгарсан Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Сувдтай уулзаж, 2015 онд хийсэн онцлох ажил, туршлагаас нь хуваалцсан юм.

-Шилдэг тамгын газраар шалгарсанд баяр хүргэе. 2015 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудынхаа талаар танилцуулаач?

-Баярлалаа. Бидний 2015 онд хийсэн ажлыг үнэлж, итгэл хүлээлгэсэн явдалд маш их баярлаж байна. Манай шүүх шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх, шүүхийн тухай багц хуулиудыг олон нийтэд сурталчлах чиглэлээр мэдээлэл, сурталчилгааны ажлуудад анхаарч ажиллалаа. Хууль сурталчлах чиглэлээр олон ажил хийсний дотроос Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг иргэдэд сайтар ойлгуулах, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг иргэдийн төлөөлөгч нарт таниулах үүрэг, оролцооны талаар мэдүүлэх тал дээр их ажлуудыг шат дараатай явуулсан. Мөн шүүгчийн үйл ажиллагаанд шүүхийн тамгын газрын ажилтнууд ямар нэгэн саад болохгүйгээр ажиллах ёстой гэдгээрээ бид хэргийн хөдөлгөөний стандартыг шүүгчийн туслахууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж ажиллалаа.  

Ц.Мөнхсайхан: Шүүхийн жишиг хашааг ашиглалтад оруулсан

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар 90.90 оноогоор "Бүрэн хангалттай” үнэлгээ авч хоёрдугаар байранд шалгарсан. Тус шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайханы туршлагаас ийнхүү хуваалцлаа.

-Шилдэг тамгын газрын хоёрдугаар байранд шалгарсанд баяр хүргэе. 2015 онд танай хамт олон ямар онцлох ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?

-2015 онд шинээр ажил хүлээж аваад ажилласан. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд болон ШЕЗ-өөс гаргасан дүрэм, журмуудын биелэлт дээр анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд шилдгээр шалгарсан явдалд баяртай байна. Шүүхийн хамт олондоо, шүүгч нартаа, нийт ажилчиддаа баярлалаа. Мөн бидний ажилд туслалцаа үзүүлж, удирдлагаар хангаж өгдөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд баярлалаа. 2015 онд хийсэн онцлох ажлын хувьд Монгол Улсын шүүхийн хэмжээний жишиг гадна хашааг ашиглалтад орууллаа. Шүүхийн захиргааны ажилтнуудынхаа ёс зүй, харилцаа хандлага тал дээр анхаарч ажиллалаа. Мөн ажилтнуудынхаа хувцаслалт, хувцасны жигдрэлт дээр анхаарч, шүүхэд хөтөч тайлбарлагч тогтмол ажиллууллаа. Түүнчлэн иргэдийн төлөөлөгч нарын сургалт, хууль сурталчлах тал дээр анхаарч ажилласан. Мөн самбар байршуулж олон нийтэд хууль сурталчилсан мэдээлэл хүргэж ажилласан маань үр дүнгээ өгсөн.

М.Ганчулуун: Бид дөрвөн зорилт тавьж амжилтанд хүрлээ

Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар 90.90 оноогоор "Бүрэн хангалттай” үнэлгээ авч, гуравдугаар байранд шалгарсан бөгөөд тус шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулууны ажлын туршлагаас хуваалцсан юм.

-Шилдэг тамгын газраар шалгарч гуравдугаар байранд шалгарсан танай хамт олонд баяр хүргэе. Та бүхэн юун дээр анхаарал хандуулж ажилласан бэ?

-Баярлалаа. Манай хамт олон 2015 онд маш их хичээл зүтгэл гаргасан. Түүний нэг нь шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэл хуулийг сурталчлах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх тал дээр чармайлт гаргаж ажилласан. Мөн бид Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрхэм зорилгын хүрээнд дөрвөн чиглэлээр зорилт тавьж ажилласан маань олон нийтийн зүгээс нэлээд өндөр үнэлгээ авсан. Нэгдүгээрт соёлч байгууллага байя, суралцагч байгууллага байя, сахилга баттай байгууллага байя, санаачлагч байгууллага байя гэсэн эрхэм зорилтыг тавьж ажилласан маань үр дүнтэй байлаа. 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж