Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналыг зөвшилцөв

2015 оны 12 сарын 16

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.12.16/ хуралдаан 15 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хаалттай горимоор үргэлжлүүлэн хэлэлцэв.

Уг асуудлыг тус байнгын хороо энэ сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж эхэлсэн ч хэлэлцүүлгийг дуусгаж амжаагүй тул энэ удаагийн хуралдаанаараа үргэлжлүүлэн хэлэлцэж, байнгын хорооны тогтоол батлав.

Байнгын хорооны хуралдаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Б.Дэлгэрмааг Элчин сайдаар томилох саналыг дэмжив

Дараа нь Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлжээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх танилцуулгадаа, Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилуулж, хоёр орны харилцааны хүрээнд эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, бусад салбарт хамтын ажиллагааг өргөтгөх, үр ашгийг нь нэмэгдүүлэх чиглэлээр Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний идэвх санаачилгатай, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх шаардлагаттай байна.

Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар нэр дэвшиж буй Б.Дэлгэрмаа нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байна гэдгийг дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр мэргэжлийн бус, тэр тусмаа суугаа орны хэлний мэдлэггүй хүмүүс Дипломат төлөөлөгчийн газруудад нэлээд байгаа тухай шүүмжлэл байдаг, энэ талаар ямар арга хэмжээ авч байгааг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулахад “Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам 29 ажилтай, үүнээс 6 нь мэргэжлийн дипломатчид байгаа. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг зарим байгууллагыг төлөөлдөг ажилтнууд бас ажилладаг. Боловсон хүчний асуудлын хүрээнд тодорхой хэмжээнд төрийн боддлого гажуудсан тал гарсан байсныг засах арга хэмжээ авч байгаа. Энэ үүднээс төрийн бусад байгууллагаас Элчин сайдын яаманд ажиллах ажилтнуудад тавигдах шаардлагыг журамласан” гэсэн хариулт өгөв.

Мөн энэ гажуудлыг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх талаарх нэр дэвшигчийн байр суурийг тодруулахад Элчин сайдад нэр дэвшигч Б.Дэлгэрмаа “Элчин сайдын яамны боловсон хүчний бодлого төвөөс явагддаг, Гадаад хэргийн яам гол томилгоог хийдэг. Хоёр талын эдийн засаг, улс төрийн харилцаанд мэргэжлийн боловсон хүчин чухал үүрэгтэй. Иймээс боловсон хүчний асуудалд Гадаад хэргийн яамтайгаа хамтарч ажиллана” гэлээ.

Харин танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд ОХУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татаад нэлээд хугацаа өнгөрч байгаа тул шинэ Элчин сайдыг яаралтай томилох шаардлагатай байна гээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эгүүлэн татаж, Б.Дэлгэрмааг Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Иймээс энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Б.Дэлгэрмаа нь 1982 онд Кубанийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1993 онд Их Британийн Лийдсийн их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Улмаар 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1982-1986 онд Улсын прокурорын газарт хэлтсийн прокурор, 1986-1989 онд МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш, 1989-1990 онд ШУА-ийн Төр, эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1990-1992 онд Улсын Бага Хуралд зөвлөх, 1993-1996 онд Улс төрийн боловсролын академийн захирал, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2015 онд Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдаар тус тус ажиллаж иржээ. Харин 2015 оноос Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна