Жон Франкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015 оны 12 сарын 16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Шотландын Үндэсний намын хуулийн зөвлөх Скотт Мартин, Их Британийн Сонгуулийн хорооны хуулийн хэрэгжилтийн менежер Жон Франкс, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ашлэй Бэйлэн нарыг өнөөдөр /2015.12.16/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, ноён Жон Франкс болон Скотт Мартин нарыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгогчдын боловсрол төвтэй хамтран Их Британийн Сонгуулийн хорооны мэргэжилтэнг урьж сонгуулийн санхүүжилт, түүний хяналтын тухай хэлэлцүүлэг явуулсанд талархал илэрхийлэв.

Мөн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн сонгуулийн санал тоолох төрөөхөмж нь бүх саналын хуудасны зураг болон цаасан хэлбэрийг гарсан үр дүнгийн хамт хадгалдаг. Түүнийг сонгуульд оролцсон хүмүүст тарааж өгдөг бөгөөд бүх мэдээлэл нээлттэй ил тод явагддаг.  Харин хэн хэний төлөө санал өгсөн бэ гэдэг нь нууц байдаг. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн бүх зүйл ил учраас ямар ч маргаан гарах боломжгүй юм. Гэхдээ сонгуульд оролцсон нэр дэвшигчдийн 80 хувь нь ялагдал хүлээдэг бол үлдсэн хувь нь ялалт байгуулдаг. Тэгэхээр ялагдал хүлээсэн 80 хувь нь санал тоолох төхөөрөмжийг буруутгах хандлага байдаг гэлээ.

Их Британийн Сонгуулийн хорооны хуулийн хэрэгжилтийн менежер Жон Франкс Улсын Их Хурлын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Лондон болон Шотландад автоматжуулсан системээр сонгуулийн санал тоолох үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Цаашид Их Британид  автоматжуулсан систем буюу санал тоолох төхөөрөмжийг ашиглах талаар судалж байгаа гэв.

Уулзалтад оролцогчид Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгогчдын боловсрол төвтэй хамтран Их Британийн Сонгуулийн хорооны мэргэжилтэнг урьж сонгуулийн санхүүжилт, түүний хяналтын тухай хэлэлцүүлэг хийсэн талаар дурдаад бусад асуудлаар харилцан санал солилцов

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна