Гудсанд нуусан мөнгөө гаргаарай

2015 оны 12 сарын 17

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Уг хуулиас өмнө далд эдийн засагт эргэдэж байгаа ДНБ-ийн 40 хувьтай тэнцэх их хөрөнгийг ил болгох үүднээс УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийг баталсан. Уг хуулийн хэрэгжих хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болох юм. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжиж дуусахад хоёрхон долоо хоног үлджээ.

2015 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө татварын албанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр, нийгмийн даатгалд ажил олгогчоор, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд нь ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч ил болгож мэдээлэх хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй боловч ил болгож мэдээлэх хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол дараах хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр хуульд тусгасан юм. Тиймээс хуулийн дагуу аж ахуйн нэгж компани, хувь хүмүүс гудсан дороо нуусан хөрөнгө ил болгож, ирэх оноос хэрэгжиж эхлэх санхүүгийн шинэ системд айдас дарамтгүйгээр “алхаж” орох боломжийг маш сайн ашиглах ёстой.

Харин зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс энэ оны 12 дугаар сарын 7-ны байдлаар 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна.

Тэгэхгүй бол ирэх оноос хэрэгжих НӨАТ-ын шинэ хуулийн дагуу төгрөг нэг бүрийг тоолж эхлэх юм. Тиймээс гудсан доороо, офшорт нуусан хөрөнгө, хаа нэгтэй барьсан барилга, авсан газраа Ил тодын хуулийн хүрээнд ил болгож хууль, татвар, гаалийнхны “үнээ”, “гахай”, мөнгөний данс байхаа болих хэрэгтэй. Хэрэв нуусан мөнгөө ил гаргахгүй бол та хэн нэгний мөнгөний АТМ хэвэрээ үлдэнэ. Тэр хэрээр зах зээлээс шахагдаж, таны бизнесийн ирээдүйд томоохон сүүдэр, эрсдэл үүснэ гэсэн үг. Монголын төр дахин дахин хуулиас гадуур амьдрагчдыг өршөөгөөд байхгүй нь мэдээж.

Тиймээс олдож байгаа боломжоо ашиглаж чадаагүй аж ахуйн нэгжүүдэд томрох, бизнесийн салбарт чөлөөтэй өрсөлдөх орон зай хумигдана.

Хуулийн хэрэгжилтийг хангах, түүнийг олон нийтэд таниулах арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэх www.iltod.mta.mn цахим хуудас ажиллуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх болсон. Мөн хуулийг хэрэгжүүлж буй хувь хүн, хуулийн этгээдэд үйлчлэх төрийн албан хаагчдыг томилон холбогдох нууцын баталгааг гаргуулжээ. Хэрэв тэд нууцын баталгааг зөрчвөл хуулийн хүрээнд тэдэнтэй хариуцлага тооцох юм. Татварын албаны хүрээнд 750 орчим улсын байцаагч, нийгмийн даатгалын 60 гаруй ажилтан, улсын бүртгэлийн 70 орчим албан хаагч, санхүүгийн 30 гаруй мэргэжилтэн, гаалийн 25 ажилтан хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Засгийн газрын даваа гаригийн хуралдаанд Сангийн сайд Б.Болорын танилцуулснаар хуулийг хэрэгжүүлэх явцын үр дүнд 861.065.7 сая төгрөгийн хөрөнгө орлого, үйл ажиллагаа ил болж, 111.055.1 сая төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Харин зөвхөн аж ахуйн нэгжүүд төдийгүй хувь хүн, НӨАТ, цалин зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааны бүртгэл хийж буй Татварын ерөнхий газарт 5785 тайлан ирснээс энэ оны 12 дугаар сарын 7-ны байдлаар 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого, үйл ажиллагаа ил болсноос 800 тэрбум төгрөг нь зөвхөн сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд заасан хугацаанд хөрөнгө ил болгоогүй бол цаашид бизнесийн ертөнцөд оршин тогтноход хэцүү. Тэгэхээр Ил тодын хуулийг ер нь шударга ёс гэхээсээ дараагийн шинэ системд орохын өмнө Монголын төр бизнесийнхэндээ ахиад нэг удаа боломж олгож, нэг гараанаас эхлүүлэх гэсэн бодлого гэж хармаар байна. Бүх хүн, аж ахуйн нэгжүүдийг гудсан дор нуусан мөнгөө ил болгооч ээ, дараагийн системд бусадтайгаа нэг гараанаас хамтдаа орооч гэж Монголын төр гуйгаад байна шүү дээ. Боломж нэг удаа гарч ирдэг. Тиймээс бусдын шахалт, дарамт, айдаснаасаа салахад ердөө 19 өдөр үлдээд байна.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна