Монгол дэлхийд гарлаа

2015 оны 12 сарын 17

Улам бүр уруудан доройтож байсан Монголын рейтинг, унаж байсан эдийн засгийг маань огцом өсгөх том сурталчилгаа өчигдөр Улаанбаатарт өрнөв. Өөрөөр хэлбэл, 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны лхагва гариг ингээд Монголын эдийн засгийн түүхэнд үлдэж байна.

Гадаад, дотоодын хэвлэл болоод фээсбүүк, твиттерийн гол сонин бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын гэрээг байгуулсан явдал байлаа. Энэхүү үйл явдал манай эдийн засагчдын магнайг тэнийлгэсэн бол нөгөө талд Монголын “эх орончид”-ын хилэнг төрүүлээд эхэлчихэж.

Улаан хивс, УИХ-ын гишүүд үгүй, даруухан ёсолсон Төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны дараа “Ингээд Оюутолгой цэвэр бизнесийн төсөл болсон” гэх Ч.Сайханбилэг сайдын үг тэндээс “хусам” горьдож яваа, өнөөдөр үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон ханган нийлүүлэлтийн, үйлдвэрлэл үйлчилгээний олон мянган жижиг компанийн хувьд бараг баярын “илгээлт” байсан болов уу.

Оюутолгой төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн үйл ажиллагааг сэргээх төслийн санхүүжилтэд гарын үсэг зурснаараа Монгол алдсан уу, аль эсвэл...?

Өчигдрийн хувьд Дэлхийн гол дүр яах аргагүй Монгол байлаа. Яагаад гэж үү? Яагаад гэвэл Дэлхийн банк санхүүгийн 15 байгууллага Монголын Оюутолгойд 4.4 тэрбум долларын санхүүжилтийг олгосноороо тэд “Монголд итгэж болно” гэдгийг цэнхэр бөмбөрцгөөр нэг зарлачихаж байгаа хэрэг юм.

“Хэрэв бүргэдүүдтэй нисмээр байвал хэрээнүүдээсээ сал” гэсэн фээсбүүкийн найзынхаа нүүр номын хуудсанд бичсэн зөвлөгөөг энд сануулъя. Ингэж хэлэх шалтгаан нь эдийн засагт ирж байгаа их мөнгөний үнэрт “солиорч”, “согтууралгүй”-гээр эндээс Монгол шууд болон шууд бусаар юу хожих вэ гэдгийг бодитоор харах явдал.

Өчигдрийн хувьд Дэлхийн гол дүр яах аргагүй Монгол байлаа. Яагаад гэж үү? Яагаад гэвэл Дэлхийн банк санхүүгийн 15 байгууллага Монголын Оюутолгойд 4.4 тэрбум долларын санхүүжилтийг олгосноороо тэд “Монголд итгэж болно” гэдгийг цэнхэр бөмбөрцгөөр нэг зарлачихаж байгаа хэрэг юм.

Төслийн санхүүжилтийг дэлхийн 15 банкнаас авснаараа бид баялгаа канадуудад алдаж байгаа юм биш, харин баялгаа том хяналтад аваачиж байгаа юм. Одоо Оюутолгойг үр ашигтай байлгахын тулд ганцхан монголчууд гэлтгүй, зээлийн баталгаа гаргасан “Рио Тинто”, зээл өгсөн дэлхийн 15 банк бүгдээрээ санаа тавих болно гэсэн үг.

Зарим “эх оронч”-дын хэлээд байгаа шиг газрын гүнээр баялгаа “урсгаад алдчихаж” байгаа хэрэг бус, газрын гүн доор байгаа агууламж өндөртэй эрдэнэсээ эдийн засгийн эргэлтэд зөв, хяналттай, хариуцлагатай, бодиттойгоор ашиглахаар болж байна гэж ойлгох хэрэгтэй.

Цаашлаад төслийн санхүүжилтийн гэрээг байгуулснаар “Рио Тинто”-д олборлолтынхоо 2.5 хувийг өгч буй асуудал байхгүй. Зээлийн баталгаа гаргасны хувьд Оюутолгойн бүхий л эрсдэлийг тэд хүлээнэ. Хэрэвзээ шүү дээ, муугаар бодоход Оюутолгойд эрсдэл учирвал Монголын Засгийн газар бус Рио-Тинто түүнийг нь үүрнэ. Үүнийх нь төлөөсөнд хэрэв эрсдэл учирвал гүйцэтгэлийн баталгааны шимтгэл гэж “Рио” 2.5 хувийг авах тухай л яриа.

Зээлийн хүүг Английн банк хоорондын захын суурь хүү буюу дунджаар LIBOR+4.4 тогтоосон. Банк болгоны зээл олгосон хугацаа болоод хүү нь өөр өөр. Дундчилбал, 12-15 жилийн хугацаатайгаар, LIBOR+4.4 хүүтэйгээр, Оюутолгойн төсөлд дэлхийн 15 банк зээл өгснийг албаны хүмүүс өчигдөржингөө л тайлбарлажээ.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт өрнөснөөр Монголын эдийн засагт жилдээ 2-3 тэрбум доллар орж ирнэ. Гурван мянган хүн ажлын байртай болно. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бид

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

  • Нийгмийн даатгалын шимтгэл;

  • Автомашины онцгой албан татвар;

  • Газар, ус, элс болон замын хураамж, төлбөр;

  • Гаалийн албан татварь хураамж;

  • Үл хөдлөх хөрөнгийн албан татвар;

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар;

  • Бусад татвар, хураамж, төрийн үйлчилгээний төлбөрөө авна.

Энэ бол Монголын Оюутолгойгоос хүртэх шууд ашиг. Харин шууд бусаар хүртэх ашгийг нь нийлүүлээд тооцвол Оюутолгойн нийт ашгийн 53-55 хувь нь Монголд үлдэхээр тооцоо бий.

Оюутолгойн ордын алт зэсийн 80 хувийг гүний уурхайгаас олборлох юм. Далд уурхайгаас олборлох зэс, алтны агууламж, ил уурхайгаас олборлож байгаа зэс, алтны агууламжаас хавьгүй өндөр. Агууламж өндөртэй учраас далд уурхайгаас нэг тонн зэсийн баяжмал олборлох зардал одоо ил уурхайгаас олборлож байгаа зардлаас бараг өсөхгүй. Харин агууламж өндөртэй зэс, алтны баяжмалаас олох орлого нь Оюутолгойд цаашдаа илүү байх болно. Оюутолгой орлого олохын хэрээр монголчууд бидний авах дээрх татваруудын хэмжээ өснө. Өнөөдрийн хувьд Монголын татварын 10 орчим хувийг Оюутолгой бүрдүүлж байна гэвэл далд уурхайг “дайчилснаар” үүнээс өндөр хувь эзлэх нь дамжиггүй.

Нөгөө талдаа төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаараа Оюутолгой “Рио Тинто”-гоос хараат бус  дэлхийн хэмжээний том төсөл болон хувирч байна. Энэ төсөл зөв гольдролоороо явж байгаа эсэхэд биднээс илүү тэдэнд зээл өгсөн банкууд хяналтаа тавина. Ингэснээрээ бидний том “зовлон” ч давхар нимгэрч буй юм.

2031 оноос хүртэх 34 хувийн ногдол ашгаа болж өгвөл үүнээс наана, болохгүй бол хугацааг нь цааш уртасгачихгүйн тулд энэхүү төслийг, далд уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжээсэй гэж алгаа хавсраад залбирах хэрэгтэй.

Агууламж өндөртэй алт, зэс олборлосноор төслийн өгөөж нэмэгдэнэ. Төслийн өгөөж нэмэгдвэл бидний хүртэх ашиг өснө. Олсон ашгаасаа авсан өрөө төлнө. Өрөө эртхэн дарбал, ногдол ашгаа эрт хүртэнэ.

Тиймээс Монгол бүргэдүүдтэй цуг нисмээр байгаа бол хий хоосон “гуагчих”-аа боль.

Өчигдрийн гол үйл явдлын бас нэгэн үр дүн бол Оюутолгой “охин” төрүүлнэ. “Охин нь хүү төрүүлнэ”. Нэг том мега төсөл, нөгөө том мега төслөө төрүүлдэг нь мега төслүүдийн онцлог. Оюутолгой хөдөлснөөр Тавантолгойн цахилгаан станц гэх том төсөл хөдөлнө. Тавантолгойн цахилгаан станц гэх том төсөл хөдөлснөөр дахиад бас нэгэн том төсөл мэндэлнэ. Мега төслийн “үржих”-ийн гол онол энэ шүү дээ. Тиймээс энэ бол Монголын эдийн засагт агуу том “үзэгдэл”, дэлхийн хэмжээнд биднийг аваачиж буй чухал өгөгдөл. Энэхүү өгөгдөл, үзэгдлийн өгөөж нь Монголын эдийн засагт бас агуу том байх болно. Бидний алдсан итгэлийг, Ч.Сайханбилэгийн тив, тив дамжаад олж авчраагүй итгэлцлийг, “Манайд ирээрэй” гэсэн монголчуудын гурван жил гуйгаад олоогүй амжилтыг хөрөнгө оруулагчдад төрүүлж чадсанаараа Оюутолгой Монголыг дэлхийд гаргалаа гэж хэлж болохоор.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна