Мэс заслын төлбөрийн 75 хувийг ЭМД-аас даана

2015 оны 12 сарын 17

Монголчууд гадаадын улс орнуудыг зорин хийлгэдэг өндөр өртөгтэй мэс заслуудыг эх орондоо нийгмийн даатгалаараа хийлгэх боломж бүрдэж эхэллээ. Тодруулбал П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт зүрхэнд пейсмейкер суулгах хагалгааг гурван сайдын хамтарсан тушаалаар өндөр өртөгтэй мэс заслуудын жагсаалтад оруулж, эх орондоо нийгмийн даатгалаасаа тодорхой хувийг нь гарган хийлгэдэг болжээ.

Баянзүрх дүүргийн 15-р хорооны иргэн С.Дамдиндорж гуай гурав хоногийн өмнө зүрхний пейсмейкур суулгах хагалгаа хийлгэсэн байна. Тэрбээр Чихрийн шижин өвчний улмаас зүрхний судас нь нарийсаж, хэм алдагдан БНСУ-ын Асан эмнэлгийг зорьж зүрхэндээ Стенд суулгуулж байжээ. Өнгөрсөн жил түүний бие муудаж БНХАУ-д очин зүрхний пейсмейкер суулгах гэсэн боловч 50-60 мянган юанийн өртөгтэй байсан байна. Үүнийг Монгол төгрөгөөр тооцвол 19 орчим сая төгрөг болсон тул эмчлүүлж чадалгүй иржээ. Харин 2015 оноос Эрүүл мэнд, Спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хамтран иргэдэд нийгмийн даатгалаасаа тодорхой хувийг нь хөнгөлүүлэн эх орондоо эмчлүүлэх боломжийг нээж өгсөн тухай С.Дамдиндорж гуай тодотгон хэллээ.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар тэв эмнэлэг энэ оны 11 сарын байдлаар нийт 500 гаруй стенд суулгах хагалгааг хийжээ. Үүний 350 орчим нь зүрхний хурц шигдээстэй өвчтөнүүдэд хийсэн яаралтай хагалгаа байжээ. Өндөр өртөгтэй энэ эмчилгээг эх орондоо хийлгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд салбарын яамнаас нь 1.5 тэрбумын өртөг бүхий тусгай тоног төхөөрөмжийг тус эмнэлэгт суурилуулж өгчээ.

Цаашид улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүдээс өндөр өртөг бүхий тусламж, үйлчилгээ авах иргэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлнэ. Нийгмийн даатгалын сангийн энэ оны төсвийн тухай хуулиар уг үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 10.4 тэрбум төгрөг зарцуулах ёстой. Харин өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хүртэлх хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлөх юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна