О.Чулуунбат: Х.Анхбаярыг танихгүй

2015 оны 12 сарын 17

C1 телевизээр гарсан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын ярилцлага улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтэд шуугиан дэгдээгээд буй. Уг ярилцлагад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын нэр дурдагдаад авсан билээ. Тиймээс дээрх асуудалтай холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Тантай холбоотой таагүй мэдээлэл цацагдаад байгаа. Шоронгоос хүн гаргаж өгнө гээд та нэг сая долларыг Хонконгийн нэгэн компаниас авсан гэж “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр ярьсан байна лээ?

-Би харин гайхаад л сууж байна. Нэр хаяггүй, эзэнгүй, баримтгүйгээр хүнийг тэгж гүтгэж болдог юм байна л даа. Хэрэв тэр хүнд үнэхээр баримт байсан бол хэзээ, ямар компаниас тэр их мөнгийг авсныг дэлгэх ёстой шүү дээ. Хүний нэр төрд хэт муухайгаар хандаж байгаа энэ үйлдлийг зохих газраар нь шалгуулна гэж бодож байна. Сая доллар цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ.

-Та тэр Х.Анхбаяр гэдэг хүнийг таних уу. Ямар зорилгоор ингэж ярьсан юм бол?

-Нэвтрүүлэгт оролцож байхдаа Х.Анхбаяр надтай нэг удаа уулзаж байсан гэж байна лээ. Би бол таних ч үгүй, уулзаа ч үгүй. Ямар зорилготойгоор, хэний захиалгаар ийм яриа өгснийг бол мэдэхгүй. Нэг жилийн өмнө Монголын газрын тосны лиценз эзэмшигчтэй би уулзсан. Тэдгээр компаниудын захирлуудтай уулзаж, яагаад энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгааг асуусан. Хэрэв гадны хөрөнгө оруулагч олдвол хамтарч ажиллах боломж байгаа эсэхийг нь тодруулсан. Манайхан бүгдээрээ л гадны хөрөнгө оруулагч байвал хамтарч ажилламаар байгаагаа хэлсэн. Лицензээ зарахгүй гэдэг байр суурьтай байсан. Газрын тосны гуравдугаар блок дээр “Тэнгри холдинг” ажиллаж байсан. Тэр үед Х.Анхбаярын хамтран зүтгэгч гээд нэг залуу надтай ирж уулзсан. Их богинохон уулзалт болсон л доо. Дараа нь тэр залуу нэг удаа над руу утсаар залгасан. Түүнээс өөрөөр тэдэнтэй холбогдоод, ямар нэгэн яриа хэлэлцээр үүсгээд явсан удаагүй.

-Тэгээд нэг сая долларын асуудал хаанаас гараад ирэв ээ?

-Нэг сая доллараар Х.Анхбаярыг шоронгоос суллаж өгнө гээд би Хонконгийн компаниас мөнгө авчихсан юм гэнэ дээ. Ийм яриа хэлэлцээр болох нь битгий хэл надад тийм санаа ч төрөхгүй нь тодорхой. Үнэн, худал нь удахгүй тогтоогдох биз. Ер нь Монголд хэнийг ч гүтгэж болно гэж бодож байгаа бол том эндүүрэл. Би тэр их мөнгийг авсан уу, үгүй юу, Анхбаяр хүн гүтгэсэн үү, хэн нь худалч, хэн нь хариуцлагагүй мэдэгдэл, мэдээлэл хийсэн нь илрэх ёстой л гэж бодож байна.

-Х.Анхбаяр яагаад таныг гүтгэсэн юм бол?

-Өөрөөс нь асуух хэрэгтэй шүү дээ?

-Тантай уулзсаных эдийн засгийн байдал ирэх онд ямар байх бол. 2015 оныг хэрэлдэж, уралдаад дуусч байна. Харин 2016 онд эдийн засаг сайжрах болов уу, яадаг бол гэсэн хүлээлт байна?

-Эдийн засаг энэ онд нэлээд хэцүүхэн байлаа. Монголын зах зээлд мөнгө багассан. Байгаа мөнгө нь гацсан. Орлого их хэмжээгээр хумигдсан, ажилгүйдэл өссөн. Улс төрийн хэрүүл, зодоон ихэссэн. Ийм л жил болж өнгөрөх шив дээ. Бидний сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн том алдаа бол зах зээлд итгэлийг алдсан явдал. Монголчууд найдваргүй, тогтворгүй, үргэлж санаа нь хувирч байдаг, хэлсэн амандаа хүрдэггүй, хоорондоо ч үг хэлээ ололцож чаддаггүй, хөрөнгө оруулалтыг гацаасандаа баярладаг гэсэн ийм л сөрөг дүрийг бүтээж ирлээ. Бидний ийм дүрээр зах зээл хүлээж авч байна. Энэ дүр төрхийг өөрчлөхөд цаг хугацаа шаардагдах байх.

-Уг нь алдсан итгэлцлийг сэргээх гэж Засгийн газар байдгаараа л хичээж байна?

-“Монголчууд нэр хугарахаар яс хугар” гэдэг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сүүлийн нэг жилийн үйл ажиллагаа Монголын нэр төрийг сэргээхэд чиглэгдлээ. Монголын нэр төрийг сэргээх гэж том төслүүдээ шургуу түлхэж байна. Нэр төр, итгэл гэдэг бол хэдэн зуун сая доллараас үнэтэй капитал. Үүнийг бид ухаарах хэрэгтэй. 2006 онд Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар монголчуудын ааш араншинг ямархуу тогтворгүй болохыг харуулаад өгсөн. Бидний тогтворгүй араншин эдийн засгаа 5-10 жилээр хорлож байна.

Урт нэртэй хууль, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль, 2012 оны сонгуулийн дараа Оюутолгой болон Тавантолгойн гэрээн дээр гаргасан авирууд өнөөдрийн энэ хэцүү байдлыг авчирлаа. Нүүрсээ 70 ам.доллараар зарахгүй гээд Чалькотой хийсэн гэрээгээ өөрчилсөн. Одоо нүүрсийг нь худалдаж авах хүнгүй болсон. Тиймээс бидний араншин л бидний ийм хямралд аваачсан хэрэг. Бид алдаан дээрээ сайн сургамж авлаа. Харин тэр алдааг авчирсан, далласан, бий болгосон нөхдүүдтэй л хариуцлага тооцдог болмоор байна.

-Тэгвэл итгэлийг яаж богинохон хугацаанд сэргээж, хөрөнгө оруулалтыг татаж болох вэ. Ийм нааштай гарц байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын төрийн томчууд, дотоодын хөрөнгө оруулагчдыг төр засгийн дунд, доод шатныхны дарамт шахалт, хүнд суртал зах зээлээс хөөж хаалгыг нь бариулж байх шиг. Хуулиар, эсвэл нэг байгууллагын журмаар дарамталдаг, торгодог, ажил саатуулдаг, айлгадаг, ажил гацаадаг хүний тоо хөлсөө гаргаж байгаа хүний тооноос их болсон. Хөлсөө гаргаж байгаа хүмүүсээс илүү өнөөдөр хүн айлгадаг, торгодог, журамладаг, ажил саатуулдаг хүмүүс амар хялбараар баяжиж байна. Хөлсөө гаргадаг нь улам л ядуураад байдаг. Тогтолцооны гажуудал юм даа. Тиймээс энэ үзэгдлийг халж маш том зоригтой реформ хийх ёстой л доо. Хэрэв үүнийг хийхгүй бол бидний хөгжлийг саатуулсаар байх болно. Энэ реформыг том хуулиудаа боловсронгуй болгох замаар хийнэ.

Т.СОЛОНГО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна