12 настай охин галд амиа алджээ

2015 оны 12 сарын 17

Хүйтний эрч чангарах хэрээр нийслэлийн гэр хороололд гарч буй гал түймрийн тоо нэмэгдэж, бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж түлэгдэх, угаартах, амь насаа алдах зэрэг харамсалтай хэрэг гарах болжээ. Өчигдөр л гэхэд нийслэлд 12 настай охин гал түймэрт өртөж амиа алдсан байна. Мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлэг хүргэж байгаа ч томчуудын хэнэггүй зан, буруутай үйлдлээс болж бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж амь насаа алдсаар байна.

Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл гарсаар байна.

Зөвхөн нийслэлийн хэмжээнд гарч байгаа гал тйүмрийн шалтгаан нөхцлийг авч үзвэл нийт галын 64 хувийг ил задгай хог, өвс шатсан, 10 хувь нь цахилгаан ашиглалтын буруугаас, 7 хувь нь пийшэн зуух, яндангийн цоонолтоос үүссэн гал түймэр эзэлж байна.

Иргэд Та бүхэн, гал түймрийн аюулаас үр хүүхэд, гэр орон, эд хогшлоо хамгаалахын тулд, пийшингийн галлагаа болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт орхихгүй, цоожилж үлдээхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Энэ онд улсын хэмжээнд нийт 4377 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж гал түймрийн аюулд 34 хүн түлэгдэж гэмтсэнээс 10 нь хүүхэд байна. Гал түймрийн улмаас 58 хүн нас барсаны 12 нь бага насны хүүхэд байгаа юм.

Тун удахгүй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн амралт эхэлнэ. Хүүхдүүд амралтын өдрүүдэд гэртээ үлдэж, өөрсдөө гал түлэх гэснээс болж гал түймрийн аюулд өртөх нь ихэсдэг тул нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг хүргэхээр болжээ. Тус газрынхан гөл түймрийн нөхцөл байдал, галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр 12 цагт сэтгүүүлчдэд мэдээлэл хүргэнэ.

Д.ЦЭЦ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна