ХасБанк стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай боллоо

2015 оны 12 сарын 17

Улаанбаатар, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр - Монгол улсын банк, санхүүгийн салбарт системийн нөлөө бүхий арилжааны банкуудын нэг болох ХасБанк нь стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болсноо өнөөдөр албан ёсоор зарлалаа. Канадын Үндэсний Банк хэмээх Канадын санхүүгийн корпораци уг хөрөнгө оруулалтыг ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж, ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн нэгээр бүртгэгдлээ. Энэ нь гадаадын арилжааны банкнаас  Монгол улсын банк, санхүүгийн салбарт оруулж буй анхны хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Монголбанк болон Канадын Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрлүүдийг олгосноор Канадын Үндэсний Банк нь Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн нийт хувьцааны 10.516 хувийг эзэмших болсон. 

Энэхүү хөрөнгө оруулалтын талаар Канадын Үндэсний Банкны Дэд ерөнхийлөгч, Маркетинг хариуцсан захирал Карен Леггетт хэлэхдээ “ХасБанк нь санхүүгийн тогтвортой өсөлт, зохистой засаглал, эрсдлийн удирдлагын туршлагаараа олон нийтэд танигдсан банк. Бид ийм баг, хамт олонтой хамтран ажиллаж, өөрсдийн мэдлэг, чадвараа хуваалцан ХасБанкны өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах болсондоо баяртай байна” гэж тэмдэглэсэн болно.

“ХасБанк нь дотоод гадаадын нэр хүндтэй компани, олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, төрийн бус байгууллага, хувь хүмүүс зэрэг олон төрлийн хөрөнгө оруулагчдаас бүрдсэн хувь нийлүүлэгчдийнхээ тэнцвэртэй бүтцийг цаашид бэхжүүлснээр Монголын санхүүгийн салбарын чадавхи, зохистой засаглалын хөгжилд хувь нэмрээ оруулна” гэж ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганболд хэлсэн байна.

Харин ХасБанк болон Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Магваны Болдоо “Монгол улс боломжоор дүүрэн орон төдийгүй хурдан суралцдаг үндэстэн. Чин эрмэлзэл, найдвартай түнштэй байхад амжилтад хүрэх хувь заяатай улс” хэмээн онцолсон билээ.

Мөн энэ хөрөнгө оруулалтын талаар олон улсын үнэлгээний Мүүдиз агентлаг хэвлэлийн мэдэгдэл хийхдээ “Канадын Үндэсний Банк нь санхүүгийн хувьд тогтвортой стратегийн хөрөнгө оруулагч бөгөөд ТСН-ийн хөрөнгө оруулагч болж байгаа явдал нь ХасБанкны олон улсын зэрэглэл, үнэлгээнд эерэгээр нөлөөлнө” хэмээн дүгнэсэн байна.

Ийнхүү Канадын Үндэсний Банк Монгол улсын санхүүгийн зах зээлд орж ирснээр эдийн засгийн хямралтай энэ үед эерэгээр нөлөөлж, Монгол улсын ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлж байна гэж нийтээрээ үзэж байгаа юм.

Канадын Үндэсний Банк нь (www.nbc.ca) охин компаниудын хамт санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг Канадын томоохон санхүүгийн нэгдлүүдийн нэг юм. Нийт 20 гаруй мянган ажиллагсадтай энэ банк жижиг дунд аж ахуй нэгж, байгууллага, том компани, хэрэглэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдгээс гадна дэлхийн бусад орнуудад санхүүгийн төрөлжсөн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон ажилладаг.

ХасБанк нь Монгол улсын арилжааны дөрөв дэх том банк бөгөөд Тэнгэр Санхүүгийн нэгдлийн бүрэн эзэмшлийн охин компани юм. Харин Тэнгэр Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг компаниудын нэгдэл билээ. ХасБанк болон ТСН-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.xacbank.mn болон www.tengerfinancialgroup.com цахим хуудсуудаас авна уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна