2016: Зэсийн үнэ хаашаа эргэх вэ?

2015 оны 12 сарын 17

Дэлхийн зах зээл дээрх улаан металлын нийт эрэлтийн 45 хувь буюу бараг тэн хагасыг дангаараа импортолж буй улс нь манай урд хөрш Хятад бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт удааширсны үр нөлөө зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн олон улс орны бүхий л салбарын ханшийн тогтвортой байдлыг ганхуулж байгаа энэ үетэй зэрэгцэн Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ хийгдсэн нь цагаа олсон алхам боллоо хэмээн үзэх хүмүүс олон бий билээ.

Хятадын болон бусад шалтгаануудын улмаас 2015 он өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа газрын тос, уул уурхай болон хөрөнгө оруулагчдын хувьд хэцүүхэн жил болж өнгөрч байна. Шинэ он босгон дээр ирж буй энэ үед дэлхийн зах зээлийн нөхцөл байдал нааштайгаар эргэх магадлал бий эсэхийг горилсон асар их хүлээлтүүд дэлхий даяар бий болоод байгаа нь дамжиггүй юм.

Жишээ дурдахад, Газрын тосны салбарт эрчимтэй томоохон хөрөнгө оруулагчийг хайж олно гэдэг сүүлийн үед улам л хүндрэлтэй асуудлуудын нэг болжээ. Учир юу вэ гэвэл, 2015 онд нэг баррел нефтийн үнэ өнгөрөгч оноос 50 хувиар буурч, 55 ам. доллар хүрээд байна. Үүнтэй зэрэгцэн зэс, нүүрс, болон төмрийн хүдрийн үнийг шалан дээр унасан хэмээн гадны зарим судлаачид дурджээ .

“Glencore” гэх мэт уул уурхайн компаниудын зүгээс зэс болон бусад суурь металлын үнэ харамсалтайгаар унасан энэ үзэгдэлд газрын тосыг буруутгаж, үүнээс гарах арга замыг эрэлхийлж, нэн тэргүүнд авах шаардлагатай алхам бол Хятадын эдийн засгийн эсрэг тогтвортой байдлаа амжилттай хадгалан авч үлдэх хэмээн санал нэгдэцгээж байна. Магадгүй дэлхийн зах зээл хямрахад нөлөөлсөн нийтлэг шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал мөн байж болох ч, энэ бол цорын ганц сонгомол зам биш байж болох талтай.

Зэсийн үнийг ямар зам хүлээж байна вэ?

“Goldman Sachs” гэх мэт нөлөө бүхий санхүүгийн байгууллагууд эдгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цаашид ч буюу 2016 онд үргэлжлэн унах төлөвтэй хэмээн урьдчилан дүгнэж байна. Тэдний үзэж буйгаар, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаагийн хэрээр шинэ төрлийн эрчим хүч болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаар орж ирж буй тэрбум тэрбум долларууд бараа бүтээгдэхүүний үнэд дарамт үзүүлсэн хэвээр байх болно. Тиймээс, зах зээл тэнцвэрээ олох хүртэл дэлхийн эдийн засаг нэг хэсэгтээ л “илүү сөрөг-илүү удаан” гэсэн дүрмийн дагуу явагдана гэжээ.

“Goldman Sachs”-ийн урьдчилан мэдээлж буйгаар, өнгөрсөн сард 4481 ам доллар болсноороо сүүлийн зургаан жилийн хамгийн доод үнээ үзүүлээд байсан нэг тонн зэсийн үнэ 2016 оны эцэс гэхэд 4500 ам. доллар болох төлөвтэй гэнэ.

Тэгвэл саяхан бидний болон дэлхий дахинд нааштай мэдээ дуулгаад буй далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлийг батлан даагч болох Рио-Тинтогийн гүйцэтгэх захирал Jean-Sebastien Jacques хэдэн долоо хоногийн өмнө гаднын хэвлэлд өгсөн яриандаа дурдахдаа: Зах зээлийн ханш өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар байгаа, маргааш ямар байх нь тийм ч чухал ач холбогдолтой биш. Бид зэсийн үнийг нэмэгдэнэ гэдэгт болон зэс бол хамгийн оновчтой бараа бөгөөд хамгийн зөв хөрөнгө гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хэдийгээр ирэх арван жилийн туршид дэлхий дээрх зэсийн нийлүүлэлт хавчигдмал байж болох боловч, жил өнгөрөх тусам дэлхийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр л байх болно. Үүнийг хангах гэж шинэ шинэ уурхайнууд нээгдсээр л байх хэрэгцээ зайлшгүй тулгарна гэжээ.

Мөн тэрбээр цааш дурдахдаа “Уналт өсөлт гэдэг бол байдаг л зүйл. Бид өртөг багатай төслүүдэд хөрөнгө оруулах хүсэлтэй бөгөөд, ингэж байж л зах зээлийн уналтын үеүдэд ашигтай ажиллах болно” хэмээжээ.

Ийнхүү эдийн засаг болон уул уурхайн салбарын төлөөлөгчдийн ирээдүйн таамаглал хоорондоо зөрөлдөж буй юм. Ямартай ч, Рио-Тинтогоос жишээ татан хэлэхэд, зах зээл хаашаа ч эргэж байсан хэрэглээ болоод үйл ажиллагааны зардлаа танасан байхад унасан ч зөөлөн газардах боломж бий бололтой.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна