“Юань улсын судар”-ыг эмхлэн гаргажээ

2015 оны 12 сарын 17

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, академич Д.Цэрэнсодном тэргүүтэй 10 орчим эрдэмтдийн эмхэтгэж, хэвлүүлсэн “Юань улсын судар”-ын зургаан боть уншигчдын гар дээр очиж байна. Зургаан боть номын нээлт өнөөдөр БСШУЯ-нд боллоо. Эрдэмтэд “Юань улсын судар”-ын орчуулгын “Хураангуй зүйл”-ээс 69 дүгээр дэвтэр хүртэлх хэсгийг л хэвлүүлжээ. Харин дараагийн удаад үлдсэн 140 дэвтрийг хэвлүүлэхээр болсон байна.

Нээлтийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким “Чингис хаанаас эхлээд Хубилай хаан хүртэлх Монголын хаад, хатад, жанжны цадиг гээд бүх хүмүүсийн намтар түүх энэ сударт бий. Ер нь судар бичгүүдэд ихэвчлэн хаадын намтар түүх бичигддэгээс биш баатар, жанжны түүх орхигддог. Харин энэ сударт бүгдийг цогцоор бичсэн нь томоохон онцлог. Тиймээс ”Юань улсын судар”-ыг эмхлэн олонд хүргэнэ гэдэг нь томоохон ач холбогдолтой. Энэ ч утгаараа Монголын түүхэн сурвалж бичгүүдийн нэг ноён оргил болно гэж үзэж байгаа” гэв.

Харин Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа “Үндэсний номын санд гурван сая гаруй ном, хэвлэл байдаг. Үүний 50 гаруй хувь нь эртний бичиг, сурвалж юм. Гэтэл эдгээр түүхэн сурвалжуудыг зөвхөн Үндэсний номын сангаар үйлчлүүлсэн хүмүүс л авч унших боломжтой. Тэгвэл “Юань улсын судар”-ыг эмхлэн хэвлэж гаргаснаар энэ хүрээнээс хальж олон нийтэд хүрэх ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.

Зургаан боть номыг нэн тэргүүнд цахим хэлбэрт оруулах ажлыг эрдэмтэд одоогоор хийж байгаа юм. Ингэхдээ эртний үг хэллэгийг орчин үед оруулах зэрэг олон ажил үлджээ. Т 1917 онд “Судар бичгийн хүрээлэн”-гийн гишүүн Ч.Дэмчигдорж ”Юань улсын судар”-ыг Бээжингээс авчирч орчуулгын ажлаа гар бичмэлээс эхэлсэн түүхтэй. Ингээд 1917-1925 он хүртэлх хугацаанд тэрбээр “Юань улсын судар”-ыг орчуулан гаргасан нь өдгөө Үндэсний номын санд хадгалагдан үлджээ. 210 дэвтэр бүхий энэ номыг социализмын үеэс л эрдэмтэн судлаачид эмхлэн, олон нийтийн хүртээл болгохыг зорьсоор иржээ. Гэвч энэ ажил албан ёсоор хийгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна