Д.Батцогт БЭСЯ-ны дэд тэргүүн Пиер Викендэнийг хүлээн авч уулзав

2015 оны 12 сарын 17

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2015.12.17/ Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Питер Викендэн болон хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “Novus PM” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Питер Викендэн, Байнгын хорооны даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулж, энэ салбарын хууль эрх зүйн зохицуулалтын талаар зарим зүйлийг тодруулах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм.

Байнгын хорооны дарга Д.Батцогт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хэлэлцүүлгийн явцын талаар танилцуулсан юм. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль өнөөдөр мөрдөгдөж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн орчинд гарсан өөрчлөлтүүдээс үүдэн шинэчлэх шаардлага үүссэн. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэхээр олон жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын байгууллагууд, бусад орны туршлага, мөн хөдөлмөр эрхлэгчид болон ажил олгогч гээд бүхий л талуудын оролцоог ханган, тэдгээрээс гаргасан саналуудыг тусгахаар ажиллаж байгааг танилцуулсан юм.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлын талаар, төрөөс хөдөлмөр эрхлэлтийн салбарт баримталж буй бодлого болон хууль эрх зүйн орчны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна