Б.Дэлгэрмааг Элчин сайдаар томилов

2015 оны 12 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг эргүүлэн татахыг гишүүдийн 82.9 хувийн саналаар дэмжиж зөвшилцсөн бол Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилох тухай асуудлыг гишүүдийн 92.3 хувь нь дэмжин баталлаа.


Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Болд: Өмнөх Элчин сайдыг хугацаанаас нь өмнө татах боллоо.  Маш олон Элчин сайд, консулыг эргүүлэн татахаар дууддаг. Зарим нэгийг нь гадаадын байгууллагын шаардлагаар татсан. Нэг дор 10 Элчин сайд татсан. Цаашдаа УИХ дээр энийг яаж шийдэх вэ. Ш.Алтангэрэл сайдыг ямар шалтгааны улмаас татах болов. Үүнд хариулт өгөөч?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр: Дуудах асуудлыг Засгийн газар дээр яриад шийдчихсэн юм билээ. Тийм учраас дараагийн хүнийг зэрэг оруулж ирж байна.  

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: ОХУ-д сууж байсан Элчин сайд Францаас шууд томилогдоод ирсэн Элчин сайд байсан. Ажил төрлийн байдал, мөн өөрөө өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д очиход хүсэлт гаргасан. Зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдсэн. Наадмын өмнө УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байсан ч улс төрийн нөхцөл байдлын улмаас хойшилсоор өнөөдөр хэлэлцэгдэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: ОХУ-д тавигдах Элчин сайд маш чухал. Б.Дэлгэрмаа нэр дэвшигчийг дэмжиж байна. Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн томилогдсооноос хойш энэ газрыг самарч байна. Хэчнээн олон хүнийг бөөн, бөөнөөр нь өөрчлөв. Дэндүү самарч байгаа юм биш үү.  

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Нэр дэвшиж байгаа хүнд хэлээд байх юм алга. Өмнөх сайдыг нь дуудахдаа яамныхаа тамгын газрын даргаар бичиг үйлдүүлээд дуудсан байгаа. Яагаад энэ олон орны Элчинг дуудав. Ирэх онд АСЕАМ болно. Бүгдийг нь сольчихоор сайн ажиллаж чадах уу. Хойд хөрш дэх Элчин сайдаа байн байн солиод байна. Энэ бол УИХ-ын бодлого биш. УИХ-аас дуудах ёстой байтал, яамнаас үүрэг өгөөд дуудсан. Гадаад бодлого дээр ийм байж таарахгүй. Эвтэй, хүчтэй нэгдсэн бодлого явуулдаг байсан. Цаашдаа энэ хүний асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр эргүүлэн дуудсан. Хуулийн дагуу.

Д.Оюунхорол: Улстөрчдийн ёс зүйг хамгийн зөв эрэмбэлж чаддаг, чадварлаг эмэгтэйчүүдийн нэг нь. Энэ том гүрэнд анх удаа эмэгтэй Элчин сайдаар томилогдож байгаад баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчид мөн баяр хүргэе. Ачаа даах чадвартай гэж бодож илгээсэн болов уу. Өнөөдрийн хүлээлтийг шинэ шатанд гаргаж чадна гэж итгэж байна, амжилт хүсье.

УИХ эл асуудлыг хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаанаа өндөрлүүлээд байна. чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.


Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд эсрэг байр суурь барилаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Арвин: Монголд Улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд МАН Сонгуулийн маш сайн хууль баталсан. Энэ хуулийг өөрчлөхгүй, нэг хэсэгтээ тогтвортой авч явъя гэсэн шийдвэр гаргасан. Улс төрийн хувьд тогтвортой байхад Сонгуулийн хууль сайн хийгдсэн зүйл гэж бодож байгаа. Өөрсдийнхөө баталсан хуулийг эсэргүүцээд байж болохгүй.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: МАН УИХ-ын ажлыг гацаахаа боль. МАН-ын дарга үгээ хэлчээд картаа аваад гарч байна. Монгол орныг талцсан байдалд оруулж болохгүй. Улс орныг шантаажийн аргаар шахаж ажиллаж болохгүй шүү дээ. Өнгөрсөн 6 удаагийн сонгуулиар хуулиа байнга өөрчилсөн. Бид одоо хуулиа өөрчилж болохгүй. Санал тоолох гар арга будилаантай явагдсан учир хар машиныг оруулж ирсэн.  Сонгуулийн хуулиа гараар тоолдог болъё, хэсгийн хороонд намуудын төлөөллийг оруулъя гэж МАН шаардаж байна. Ингэж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Ардчилсан намынхан арчаагүй улс төр хийдгээ боль. Хар машинаар санал тоолохыг Ардын нам эсэргүүцээгүй, ард түмэн миний өгсөн санал худлаа тоологдоод байна гэж үзэж байгаа учраас эргэлзээг тайлахын тулд хоёулангаар нь саналыг тоолж хагалъя л гэсэн.

Ард түмэн өнөөдөр жижигсгэсэн 76 тойргийг хүсэж байна. Ардчилсан намынхан та бүхэн эрх баригч шиг байж, олонхи шиг байж Сонгуулийн хуулиа өөрчлөөч ээ.  

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор: УИХ-ын төвшинд зайлшгүй хийх ёстой ажлууд байна. Завсарлагаас болж, ажил явахгүй байна. Би саяхан Архангай аймагт ажиллалаа, Сонгуулийн хуулийг үтэр түргэн өөрчлөөдөх гэдэг хүн таараагүй. Ард түмэн ингээд байна гэж ярьдагаа болих хэрэгтэй. Гар тооллого хийхгүйн тулд хар машинтай болсон. Хяналтын тооллогууд дээр зөрсөн юм байхгүй. Будилаан гаргахгүйн тулд машинаар тоолъё гэсэн. Бүгдийг гараар тоолъё гэдэг юмыг би сонсоогүй. Он гарахаас өмнө шийдэх маш олон асуудлууд байна. Ажлаа хийгээд явмаар байна гэж уриалъя гэв.

Хурал даргалагчийн зүгээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн хууль ороогүй учраас эхний асуудалдаа оръё гэснээр Элчин сайдын томилгоог хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна