АНУ бодлогын хүүгээ анх удаагаа нэмлээ

2015 оны 12 сарын 17

Фото: Andrew Harrer / Bloomberg

 

АНУ-ын Холбооны нөөцийн системийн удирдлага бодлогын хүүгээ 0,25 хувиар  нэмлээ. Арванхоёрдугаар сарын 12-16-ны хоёр өдөр хуралдсан Холбооны нээлттэй зах зээлийн хорооны (FOMC)  хуралдааны  дүнд Холбооны нөөцийн систем нь сүүлийн есөн жилийн дотор анх удаагаа мөнгөний бодлогоо чангатгахаар шийдлээ.

 

Бодлогын хүүг 25 суурь пунктаар нэмэн 0–0,25%-иас 0,25–0,5% хүргэсэн байна. Шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжлээ. FOMC-ын мэдэгдлийг дагалдсан бичигт тэмдэглэхдээ: “Нээлттэй зах зээлийн холбооны хорооны аравдугаар сарын хуралдаанаас хойш авсан мэдээллийн дагуу эдийн засгийн өсөлт аажим хурдтайгаар  гарч байгааг өгүүлж байна. Энэ жилд  хөдөлмөрийн зах  зээл дээр мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарсныг хороо тэмдэглэж байна. Үүний зэрэгцээ эдийн засаг дахь инфляци дунд хугацааны ирээдүйгээр зорилгын 2%-ийн төвшинд хүрсэн гэдгийг хороо маш өндөр итгэлтэйгээр тэмдэглэж байна” гэжээ.

 

Эдийн  засгийн цаашдын өсөлтийг тооцон дүгнээд мөнгөний бодлогын хүүг 0,25–0,5% гэсэн төвшинд хүртэл нэмэгдүүлэхээр хороо шийдлээ. Ажил эрхлэлтийн дээд хэмжээ болон инфляцийг 2% гэсэн зорилтын төвшинд хүргэх өөрийн мандатын дагуу, эдийн засгийн үнэлгээний дүгнэлт болон ололтыг тооцон байж цаашид бодлогын хүүг өөрчлөх төвшиний болон хугацааны шийдвэрийг хороо гаргаж байх болно гэж мэдэгдэлд өгүүлжээ.

 

Бодлогын хүүг нэмэгдүүлэх өмнөх цуврал 2003 оны зургадугаар сараас 2006 оны зургадугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Сүүлчийн удаа есөн жилийн өмнө АНУ-д бодлогын хүүгээ 5,25% гэсэн төвшинд хүртэл нэмсэн юм. Үүний дараа нь Холбооны  нөөцийн систем мөнгөний бодлогоо зөөллөж эхэлжээ. 2008 оны арванхоёрдугаар сараас эхлээд 2015 оны арванхоёрдугаар сарын 16 хүртэл АНУд бодлогын хүү нь  0–0,25% гэсэн төвшинд байсан нь Америкийн эдийн засгийн түүхэнд хамгийн бага хэмжээнийх  байлаа.

 

Холбооны нөөцийн систем өнгөрсөн хуралдаанаараа бодлогын хүүг нэмснээс гадна банк хоорондын арилжааны хүүг 0,75%-иас 1% болтол нэмэх шийдвэр гаргасан байв.  Мөн үнэт цаасыг эргүүлэн худалдан авах буцах РЕПО ажиллагааны хүүг 0,05%-иас 0,25% болгон нэмсэн байна.

 

Америкийн эдийн засгийн цаашдын чиг хандлагын дүгнэлтийг шинэчлэн гаргаж өмнөх дүгнэлтүүдээ өөрчилжээ.

 

Мэдээлэл: АНУ-ын ХНС [PDF]

 

Тухайлбал, ирэх жилийн ажилгүйдлийн төвшин ба эдийн засгийн  ДНБ-ний өсөлтийн хурдын дүгнэлтийг сайжруулсан байна. Шинэ дүгнэлтийн дагуу 2016 онд АНУ-ын ажилгүйдлийн төвшин 4,7% (2015 оны есдүгээр сарын дүгнэлтээр 4,8%) байх гэнэ. АНУ-ын ДНБ-ний өсөлтийн хурд ирэх онд  2,4% (есдүгээр сарын дүгнэлтээр 2,3%) байх ажээ. Үүнтэй зэрэгцээд инфляцийн зорилтын үзүүлэлтийг дараагийн жилд  1,7%-иас  1,6% хүртэл буулгасан байна.

 

Албан тушаалтнуудын мөнгөний бодлогын цаашдын дүгнэлтэд өгүүлэхдээ 2016 онд АНУ-д бодлогын хүүг дахин дөрвөн удаа нэмэгдүүлж болох юм гэсэн байна. Холбооны нөөцийн системийн хүлээлтийн давамгайлсан дүгнэлтийн дагуу бодлогын хүүг 2016 оны эцэс рүү 1,4% хүртэл нэмж болох юм байна.

 

Мэдээлэл: АНУ-ын ХНС [PDF]

 

ХНС-ийг бодлогын хүүгээ нэмнэ гэсэн хүлээлт байсан юм. Гэхдээ зарим шинжээчид, 2016 онд мөнгөний бодлогыг чангалах талаар  танилцуулагдсан үнэлгээ нь хүлээгдэж байснаа  илүү түрэмгий байгааг  хэлж байна.

 

Арванхоёрдугаар сарын хуралдааны үр дүнгийн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын ХНС-ийн дарга Жанет Йеллен ингэж мэдэгдэв.

 

 

"Гаргасан шийдвэр нь Их депрессийн  үеэс хойших хамгийн муу санхүүгийн хямралын дараах АНУ-ын  эдийн засгийг сэргээх зорилгоор бодлогын хүүг бараг тэгийн төвшинд барьж байсан долоон жилийн үеийг төгсгөж байна.

 

Бодлогын хүүг нэмэгдүүлсэн ч Холбооны нөөцийн системийн мөнгө, зээлийн бодлог хэт зөөлөн  хэвээр үлдэж байна. Хэрэв бид бодлогын хүүг  тэгийн төвшинд  хэтэрхий удаан барьсан бол тодорхой нэгэн хугацаанд эдийн засгийн халалтыг зогсоох инфляцийг зорилгот төвшинд тогтоосноос нэмэгдүүлэх  шаардлагын дагуу мөнгөний бодлогоо нэлээдгүй эрсээр чангатгах ёстой байсан юм. Бодлогын хүүг нэмэх шийдвэр нь Америкийн эдийн засгийг тогтвортой байгаа гэдэгт ХНС итгэлтэй байгаагийн дохио юм” гэж Йеллен хэлэв.

 

Санхүүгийн зах зээл ХНС-ийн шийдвэрийг тогтуун өөдрөгөөр хүлээн авч байна. АНУ-ын хөрөнгийн индексүүд эхлээд  нэлээдгүй нервтэй байсныхаа дараа өөрийн өсөлтийг харуулж ирэв.  Зах зээл дээд эрсдлийн тоглолтын  өндөр эрмэлзэл ажиглагджээ. Арванхоёрдугаар сарын 16-ны арилжаагаар Dow Jones индекс 1,4%-иар, S&P 500 ба NASDAQ индексүүд дундажаар 1,5%, 1,6% гэсэн өсөлтийг тус тус харууллаа.

 

Фото: Lucas Jackson / Reuters

 

Лавлах: Холбооны нөөцийн систем. Энэ системийг АНУ-ын Холбооны нөөцийн сан ч гэж нэрлэнэ. Нэг үгээр хэлбэл Америкийн төв банк гэсэн үг. Холбооны нөөцийн систем нь 12 гишүүнтэй хорооноос бүрдэх ба энэхүү хороог Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) гэж дууддаг.

 

Холбооны нөөцийн сангийн долоон захирлыг FOMC-ийн гишүүдийн санал хураалтаар томилдог ба нэмж, 12 тойргийн нөөцийн банкнуудын 5 захирлыг томилдог.

 

Холбооны нөөцийн энэ байгууллагад улс төрийн нөлөөлөл маш бага ба ихэнх гишүүд нь урт хугацаагаар сонгогддог бөгөөд Цагаан ордон ба Конгрессийн танхимд аль нэг нам ээлжлэн солигдсон ч байж байдаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна