Сурагчид дарамттай байна

2015 оны 12 сарын 17

Ашиглалтын хугацаа дууссан гэх 14 дүгээр сургуулийн 2798 хүүхэд Баянзүрх дүүргийнхээ гурван сургуульд хуваагдан хичээллээд гурван жил өнгөрлөө. Тэд өнөөдөр 44, 53, 92 дугаар  дунд сургуулиудад хуваагдан хичээллэж байна. Дээрх хугацаанд 14 дүгээр сургуульд харьяалагддаг 328 хүүхэд тогтсон хичээлийн байргүй шалтгаанаар өөр сургууль руу шилжин явжээ. 2012 оноос хойш сурагчдын эцэг эх, 14 дүгээр сургуулийн захиргаанаас дүүргийн Боловсролын хэлтсээс, Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл 14 дүгээр сургуулийн барилгыг шинэчилж, 2470 хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сурах орчныг бүрдүүлж өгөөч гэсэн хүсэлт, албан бичгийг удаа дараа тавьсан байна. Үүний хариуд ирэх жилээс тус сургуулийн актлагдсан барилгыг нурааж, барьж шилжүүлэх нөхцөлтэйгөөр шинэ барилгыг барина гэж Улсын их хурал төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл зээлээр 14 дүгээр сургуулийн барилгыг барина гэж гүйцэтгэгчээр “Цамхаг” компанийг шалгаруулсан байна.

Өөр сургуульд гуйн суралцаж буй учир 14 дүгээр сургуулийнхан дарамт дор суралцдаг гэж эцэг эхийн төлөөлөл ярилаа. Тухайлбал Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Г.Цэцэгмаагийн хоёр хүүхэд 92 дугаар сургуулийн найм, есдүгээр ангид суралцдаг. 14 дүгээр сургуулийн харьяалалтай ч, сургуулийн барилга ашиглалтаас гарсан шалтгаанаар 92 дугаар сургуульд хичээллэж байна. 92 дугаар сургууль харьяалал нь биш болохоор гэрээс нь хол, автобусны буудал руу явахад нэг километр орчим харанхуй гудмаар алхдаг. Иймээс охин хүүхдээ гэмт хэргийн золиос болчих вий гэдгээс нь эмээж, охиноо Г.Цэцэгмаа байнга хичээлд нь хүргэж өгч, авдаг гэнэ.

Өөр сургуулийнх болохоор 44 дүгээр сургуулийнхан шилжин ирсэн сурагчдыг их дээрэлхдэг. Иймээс хурдан өөрийн гэсэн сургуулийн байртай болмоор байна гэж сурагч Г.Тэмүүлэн, Ц.Түвшинбаяр, О.Тэмүүлэн нар учирлалаа. 14 дүгээр сургуулийн багш нар гурван сургууль дамжин хичээлээ ордог тул хичээлийн цагаасаа хоцрох, цонхлох тохиолдол үе үе гардаг байна. Энэ нь эргээд хүүхдүүдийн сургалтад сөргөөр нөлөөлдөг. Хичээлийн цагаас өөр илүү сургалт, дугуйлан секц хичээллүүлэх боломжгүй байсаар 14 дүгээр сургуулийнхан өдийг хүрчээ. Хэрэв сургуулийн хуучин барилга нь нураагдвал шинэ барилга барихад амархан даа гэж сурагчид, эцэг эхчүүд зөвлөж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна