"Mongolian Saturday" хүлэг V байрт оржээ

2015 оны 12 сарын 17

Хонгконгийн 100 гаруй жилийн түүхтэй олон улсын морин тойруулгад энэ сарын 13-ны өдөр болсон томоохон морин уралдаанд 14 хүлэг уралдсанаас Mongolian Saturday 5-р байрт оржээ.

Хонгконгийн Олон улсын морин уралдаанд Монголын Бямбааг уяач Э.Ганбат 10-аад хоногийн өмнө авч очсон байна. Тэрээр Монголын Бямбаагийн уяа сойлгыг нь тааруулан уядаг. Ингээд олон улсын дүрмийн дагуу уралдаанд оролцохын өмнө шинжилгээнд хамрагджээ. Туслах уяачаар н.Батбадрах ажилласан байна.

Хонгконгийн олон улсын морин уралдаанд Япон, Франц, Англи, Америк зэрэг орноос хурдан буянгууд ирж тоосоо өргөжээ. Монголын Бямбаагийн хувьд 5 настай буюу соёолон настай ид хурд, эр чадал нь гүйцэж яваа ажнай юм.

Хонгконгийн Олон улсын морин тойруулга нь анх 1884 онд нээгдэж байсан түүхтэй. Энэ морин тойруулгад Олон улсын томоохон уралдааныг тогтмол зохион байгуулдагаараа нэр хүндтэй бөгөөд олон улсад дээгүүр байр суурь эзэлдэг тойруулга юм.

Сануулахад, Морьтон монголчуудын түүхэнд бичигдэх нэгэн үйл явдал 2015 оны аравдугаар сарын 31-ны Бямба гаригт болсон. Дэлхийн хурдан морины уралдаанд эрэмбэ, нэр хүнд, эргэлддэг мөнгө, үзэгчдийн тоогоороо дээгүүр ордог “Breeders’ Cup World Championship 2015” АНУ-ын Кентакки мужийн Лексингтон хотын “Keeneland” морин тойруулгын уралдааны замд болсон юм. Энэ уралдаанд "Макс"-ын Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан Mongolian Saturday хүлэг түрүүлж, тус тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаагаа Ази тивээс түрүү хүртсэн түүхэн түүхэн үйл явдал болсон.

“Mongolian Saturday” хүлэг ойролцоогоор 1,1 км тойрог замыг нэг минут, 0,3 секундэд туулжээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна