Дуулиант хэргүүд юу болов?

2015 оны 12 сарын 17

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийг донсолгосон дуулиант хэргүүдийн талаар тоймлон хүргэж байна.

Л.Гансүхийн шүүхийг нээлттэй явуулахыг хүсчээ

"Нүүрс" хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх 4,6 жилийн ял сонссон. Тэгвэл Л.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Өмгөөлөгчийн зүгээс уг шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг шүүхэд гаргаад байгаа гэх. Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр ял авсан зөвлөхөө Н.Алтанхуяг хоёр удаа эргэсэн байна. Л.Гансүх Ардчилалын 26 жилийн ойгоор намын нөхдөдөө хандан бичсэн захидалдаа “Оройд нь хүрэхгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлонгийн үр баялагт зарим нэг маань хөл алдаж, андуудаа сонсохгүй, олон түмнээ чагнахгүй, эвдрэлцэж, улайрч, өрсөлдөгчдийнхөө идэш болж, сонгогч олныхоо итгэл сэтгэлийг сэвтээж” байгааг дурдсан байдаг.


Б.Батзаяаг АТГ шалгахаар болжээ

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай хамт их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс өнгөрсөн аравдугаар сард баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Түүнийг долоо хоногийн хугацаатай батлан даалтад гаргаад, прокурорын эсэргүүцэлтэйгээр дахин хорьсон. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулан түүнийг шалгах болсон талаар мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, АТГ-аас энэ хэргийг шалгах нь болсон нь түүнийг авлига авсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаагийн илрэл хэмээн тайлбарлах хүмүүс байна. Ямар ч байсан энэ хэрэг дээр УИХ болон АН-ын нэр бүхийн гишүүд ихэд анхаарал тавьж, хуулийнхны наагуур, цаагуур гүйх болсон сураг ч дуулдаж байгаа.


Г.Шийлэгдамба эмнэлэгт хэвтэж байна

Арваннэгдүгээр сарын 4-нд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан. Түүнийг АТГ-ынхан үйлдэл дээр нь барьсан гэх. Ямар ч байсан энэхүү хэрэг явдлын дараа Г.Шийлэгдамба сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Байцаагдах явцад түүний биеийн байдал муудаж ,зүрхний цусан хангамжийн дутагдалд орсны улмаас хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Улмаар 12 дугаар сарын 4-нд Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн эмчилгээ хийлгэж байгаад энгийн тасагт шилжсэн. Одоогоор тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна.


Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс нас барсан шалтгааныг шалгаж байна

“Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өнгөрсөн сарын 20-ны өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч урьдчилсан байдлаар харвалтын улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан юм. Задлан шинжилгээний хариу гарч дагзны яс нь хугарснаас үүдэн харвалт өгч амиа алдсан гэж тогтоосон байна. Одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.


Г.Алтанхүү өршөөлөөр суллагдлаа

Хамтран амьдрагч бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12 дугаар сарын 4-нд болсон. Хуралдаанаар Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар шүүж, 98.1-д заасны дагуу гурван жил, 100.1-д заасны дагуу хоёр жил, 107.3-д заасны дагуу таван жилийн хорих ял оноосон юм. Анх Г.Алтанхүүд бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийн биед гэмтэл учруулж байсан нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй. Н.Цэдэн-Иш нь архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс ийнхүү зүйл ангийг нь өөрчлөн шүүсэн байна. Хэдийгээр Г.Алтанхүүг талийгаачийн биед хүнд гэмтэл учруулж, тарчлан зовоодог байсан гэж үзэн ял оноосон ч эдгээр заалт нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан учир хуулийн дагуу Г.Алтанхүүг шүүх суллажээ.


Цогт, Маралмаа нар өршөөлд хамрагджээ

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан Анхан шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих ял аваад байсан Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүхээр 11 дүгээр сарын 19-нд хэлэлцэж Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл ангийг /бусдыг байнга зодох буюу тарчлааж байсан/ Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Ингэснээр тэдний ялаас тус бүр хоёр жил хагсагдаж 22 жилийн ял эдлэх болж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна