Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон орон нутгийн удирдлагуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон орон нутгийн удирдлагуудтай уулзлаа

 

Орон нутгийн удирдлагууд Төрийн ордонд уулзалт, семинарт уулзалтад оролцож байна. Орон нутгийн удирдлагууд жил бүрийн төгсөлд сайд дарга нартай уулзаж, орон нутагт дахь бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа, шийдвэрлэхээ асуудлаа ярилцдаг уламжлалтай. УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзаж батлан хамгаалах салбарт өрнөж буй бүтээн байгуулалт, эрх зүйн орчны шинэчлэл, орон нутаг дахь хамтын ажиллагааны тухай мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм. Түүнтэй хамт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын албаныхан байлцав. Ц.Цолмон сайд өгсөн мэдээлэлдээ "Бид 2015 онд ”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Бодлогын баримт бичиг батлагдсантай холбогдуулан батлан хамгаалахын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байна. Манай яамны зүгээс аймаг, нийслэлийн удирдлагатай хамтран “Монгол цэргийн жавхаа-2015” тэргүүний жагсаалч тохижилттой анги салбар шалгаруулах уралдаан, энхийг сахиулагчдын олон улсын өдөр, Монгол Улсын Төрийн далбааны өдөр, Бүх цэргийн наадам, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар хот, Сүхбаатар, Дорноговь аймагт тус тус зохион байгууллаа. Мөн энэ онд Батлан хамгаалах яам, аймгуудын Засаг даргын Тамгын газартай хамтран бүх /330/ сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын Цэргийн бэлтгэл сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж явууллаа. Нийт Засаг даргын Тамгын газрын дарга нар идэвхитэй оролцсоныг тэмдэглэхэд таатай байна.“Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 1000 орчим оюутныг энэ сургалтад хамрууллаа. Орон нутгаас Говьсүмбэр аймгын Политехник коллежийн оюутнууд анх удаагаа хамрагдсан. Батлан хамгаалах яам, Монголын үндэсний их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тус сургуульд “Цэргийн эрдмийн тэнхим”-ийг шинээр байгуулж, оюутан залууст суралцах явцад нь цэргийн хэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх ажлыг эхлүүлээд байна. Цаашид бүх их, дээд сургуульд энэхүү тэнхим байгуулагдах юм.Манай цэргийн штабууд батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, хугацаат, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч хүмүүжил олгох, цэргийн насны залуучуудын боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэх, цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг явуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа хангалттай түвшинд зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад та бүхэнд талархал илэрхийлье" гэсэн юм. Тэрээр төгсгөлд нь орон нутгийн удирдлагуудад хандаж зарим аймагт Цэргийн штабын орон тоо дутуу байна. Орон тоо дутуу ажилласнаар батлан хамгаалах бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх ажил доголдож байна. Иймд Батлан хамгаалахын сайдын 2013 оны “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын тайван цагийн орон тоо мөрдөх тухай” тушаалаар батлагдсан орон тоогоор цэргийн штабыг хангаж ажиллах шаардлагатай. Олон жил яригдаж байгаа боловч зарим аймаг дээр шийдэгдэхгүй байна гэсэн юм. Мөн цэргийн тоо бүртгэлийг чанаржуулан, цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас чөлөөгдсөн хүмүүсийн тооцоо судалгааг нарийвчлан гаргаж, цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдэд мөнгөн төлбөр ноогдуулах ажиллагаа, төлбөр төлөлтөд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэйг онцолсон юм. Батлан хамгаалах яамны удирдлагууд маргааш аймгуудын удирдлагуудтай 2016-2017 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж