Малчдын тэтгэврийн насыг 1.2 жилээр тооцно

2015 оны 12 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэн учраас баталлаа. УИХ-аас уг хуулийг баталснаар малчдын тэтгэврийг тогтоохдоо 1.2 жилээр тооцох болж байна.

Харин Ард түмний санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хойшлуулж өгөх хүсэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг үдээс өмнөх хуралдаанаар хүссэн, мөн тус бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гурав хоногийн завсарлага хүссэн тул УИХ-ын дарга ёсоор болголоо. Дээрх хуулийн төсөлтэй хамт Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл хамтдаа завсарлагад хамаарч хойшиллоо.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна