Цөмийн физикийн судалгааны төвийн 50 жилийн ой болов

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Цөмийн физикийн судалгааны төвийн 50 жилийн ой болов

Монгол улсад цөмийн физикийн тулгуур судалгаа явуулах, цөмийн физикийн ололтыг шинжлэх ухааны бусад салбар, үйлдвэрлэлийн практикт нэвтрүүлэн хэрэглэх, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 50 жилийн өмнө буюу 1965 онд Монгол Улсын Их сургуульд Цөмийн шинжилгээний лабораторийг анх байгуулжээ. Тус байгууллагын 50 жилийн ой энэ жил тохиож байна.

ЦФСТ-ийн гол онцлог бол суурь болон хэрэглээний цөмийн физикийн судалгааг сургалт, үйлдвэрлэлтэй нягт холбосон нэгдмэл үйл ажиллагаа эрхэлдэгт оршино. Тус төвийн хамт олон хэдэн зуун эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, дэлхийд өндөр зэрэглэлтэйд тооцогддог олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн бүтээлүүдийг нь гадаадын судлаачид олонтаа эшлэж, олон улсын мэдээллийн санд орж нийтийн хүртээл болж байгаа аж.

ЦФСТ-ийн хамт олон өнгөрсөн 50 жилд шинжилгээ, судалгааны ажлын материаллаг баазаа үе шаттай сайжруулж, одоо тус төв электроныг 22 сая вольт хүчдэлээр хурдасгаж, их энергитэй электрон, хурдан болон удаан нейтрон, гамма-цацраг гаргадаг Микротрон МТ-22 хэмээх хурдасгагч, нейтроны генератор, гамма болон рентген-флуоресценцийн спектрометрүүд, кластер сервэр зэрэг судалгаа, сургалтын сүүлийн үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн төв болтлоо өргөжжээ.

Тус төвд хийсэн судалгааны бүтээлээр шинжлэх ухааны докторын 1, докторын 14, магистрын зэрэг 45 хүн хамгаалж, зохиогчийн эрхийн хамгаалалт 18, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил 8, Монгол улсын стандарт загвар 20 гарчээ. ЦФСТ цөмийн физик, цөмийн технологи мэргэжлээр бакалаврын боловсролтой 440-өөд мэргэжилтэн бэлтгэн төгсгөжээ.

ЦФСТ төвийн арав гаруй залуу боловсон хүчин Япон, АНУ, Австри, ОХУ, БНСУ, Канад, Швед, Турк зэрэг цөмийн физик, технологи өндөр хөгжсөн улс орнуудад магистр, докторын сургалтанд суралцаж, зарим нь докторын дараахи судалгаагаа үргэлжлүүлж байгаа юм байна. Мөн тэдгээр төгсөгчдөөс эх орондоо эргэн ирж, амжилттай ажиллаж байна. Өнөөдөр тус төв 25 эрдэм шинжилгээ, инженер техникийн ажилтан, багш нар, 180 гаруй бакалавр, магистр, докторын зэргээр суралцагчийн бүрэлдэхүүнтэй ажээ.

Хагас зуун жилийн ойгоо тэмдэглэх хүрээндээ ЦФСТ судалгааны ажлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал, оюутны дунд эрдэм шинжилгээний шилдэг ажил шалгаруулах хурал зохион байгуулжээ. Төвийнхөө түүхийг харуулсан ном гаргаж, эрдэм шинжилгээ-сургалтын лабораториудаа тохижуулсан байна. Мөн эрдэм шинжилгээ, сургалтын ажлын чанарыг дээшлүүлэх, ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах зэрэг олон ажил хийжээ.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж