Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардуулав

2015 оны 12 сарын 17

“Оюутолгой” компаниас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болов.

 

 

Уг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, дотоод, гадаадын их дээд сургуульд “Оюутолгой” компанийн тэтгэлгээр суралцах эрх авсан залууст батламжийг нь гардуулж баяр хүргэлээ.

 

 

Тэрбээр хэлсэн үгэндээ “Оюутолгой” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж буй том компани, дэлхийн зэсийн зах зээлийн том тоглогч гэдгийг онцолж,  “Монголын ирээдүй болсон оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулж байгаа нь та бидний зорилго адил гэдгийг харуулж буй юм. Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам “Оюутолгой” компанитай өргөн цар хүрээтэй хамтарч ажилладгийн нэгээхэн хэсэг нь энэ арга хэмжээ. Манай хөдөлмөрийн салбарын хувьд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “Оюутолгой” компани багагүй хувь нэмэр оруулж, оюутан залуусын сурах орчин, сургалтын материаллаг баазыг сайжруулж бэхжүүлэхэд ихээхэн ажлыг хийгээд байгаа” хэмээгээд эрдэс баялгаас эрдэм мэдлэг түгээх их аянд нь амжилт хүслээ. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залууст сурлагын амжилт хүсч, эх орныхоо хөгжлийн түүчээ болсон эрдэм мэдлэг, ур чадвар эзэмшсэн сайн мэргэжилтнүүд болохыг ерөөлөө.

 

 

“Оюутолгой” компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн таван жилд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт багагүй зүйлийг хийсэн. 2010 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд  “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ хугацаанд уул уурхай, барилга болон бусад мэргэжлээр нийт 200 оюутныг дотоодын, 40 оюутныг гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд сурахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд 10 сая ам.долларыг зарцуулаад байгаа аж. Тэтгэлэгт хамрагдсан залуус эхнээсээ төгсөөд ажил хөдөлмөрийн талбарт гарч, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буйг “Оюутолгой” компанийнхан дуулгасан.

 

 

Энэ удаа гадаадын их дээд сургуульд магистраар сурах дөрвөн оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Харин дотоодын тэтгэлэгт 30 оюутан шалгарч, тэдэнд нийтдээ 300 сая төгрөгийг зориулж байгаа. Шалгарсан оюутнуудын 17 нь хөдөө орон нутгаас сурч буй, дийлэнх буюу 15 нь ШУТИС-ийнх гэнэ.

 

 

Хөтөлбөрт оролцож тэтгэлэгт хамрагдах залууст уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх,  сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх гэсэн шалгуур тавьдаг гэнэ. Шалгарсан тохиолдолд сургалтын төлбөрөөс гадна сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг, хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны төлбөр олгохоос гадна ирж буцах замын зардал ч өгдөг. Мөн “Оюутолгой” ХХК-иас хэрэгжүүлдэг хөгжлийн сургалтуудад хамрагдаж, компанид дадлага хийх боломжоор хангадаг юм байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOL.GOV.MN