Чуулганы хуралдааныг өндөрлүүллээ

2015 оны 12 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 81 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн олонхийн саналаар дэмжин “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.

Хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлжээ. Түүнд жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэн дээрх төслийг боловсруулсан аж. Энэ нь 1990 оны долдугаар сарын 29-нд болсон Ардын Их хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон намын суурин дээр явагдсан, ард иргэд өөрсдөө төрөө чөлөөтэй сонгон байгуулсан түүхэн ач холбогдолтой сонгууль болсон гэж үзэж байгаатай холбоотой юм.

Эл асуудлыг хэлэлцэн дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй. Хуралдаан эхэлсний дараа тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа нэр бүхий хуулийн төслүүд дээр гурав хоног завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авах боломжгүй хэмээн үзсэн.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд УИХ-аар Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхгүй бол байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна