Ус гал хэмээх эсрэг тэсрэгийн дунд орших бид...

2015 оны 12 сарын 18

Монголчууд эрт үеэс л гал, усыг сүнслэг бодгаль хэмээн шүтэж, ахуй амьдрал, хэл соёлдоо алив юмсын шинж чанарыг төлөөлүүлж, цээр, сүсэг, итгэл бишрэлийнхээ нэгээхэн хэсэг болгон зүйр үг, хэлц үг, адилтган жиших, афоризм хэлбэрээр зохиол номдоо тэмдэглэсээр иржээ. Зүйр үг гэхэд л “Арвайн гурил ус даадаг, аавын хүү үг даадаг”, “Удаж байгаад уулзсан янаг, ундаасч байгаад уусан ус”, “Даарахад гал аврал, ангахад ус аврал”, “Мэргэн ховдог гал харна, мунхаг ховдог тогоо харна” гэх мэт…

Монголын Урлагийн Зөвлөлөөс шинээр бүтээж буй “Усгал” бүтээл ус, гал хэмээх махбодын чанарыг эр эм хүнээр төлөөлүүлэхдээ эр нь гал, эм нь ус гэсэн хэвшмэл байдлаар хандсангүй.  Харин энэ хоёр  шинж чанар аль алинд байдаг хийгээд, өөр бодгалийг хүлээн зөвшөөрч, зэрэгцэн оршиж байж гэмээн арга билгийн утгыг олно хэмээн үзсэн аж.

2014 оны Дэлхийн эдийн засгийн форумын хүйсийн тэгш бус байдлын тайланд эмэгтэй хүнийг эрүүл мэнд, эдийн засаг, удирдлагын шийдвэр дэх оролцоо, боловсрол гэх мэт салбарт эрэгтэй хүнтэй харьцуулж хэмжихэд эрчүүдээс дутуу төдийгүй үүний тэнцвэрийг буй болгоход бидэнд 83 жил хэрэгтэй гэсэн байна. Магад 83 жилийн дараа ч энэ асуудал хэвээр байж болох. Учир нь иргэншил, нийгэм соёлтой холбоотой үнэлэмж, хэм хэмжээ цаг хугацааны эрхээр өөрчлөгдөн хувьссаар байдаг билээ. Зөвхөн энэ сэдвийг ярихад надад ахиад хэд хэдэн хуудас хэрэг болох учир ингэсгээд орхиё. Гэхдээ аливаа нийгэм өөрийн соёл, ёс заншилдаа суурилан, өөрийн гэсэн эрэгтэй эмэгтэй хүний тухай хэвшмэл дүр төрхийг бий болгож, тэр дүрд тоглохийг бидэнд тулгадаг.

Монголчууд бидний хүйсийн тухай ойлголт уламжлалт нүүдэлчин соёлын үнэт зүйл, социалист үнэлэмж, ардчилсан хувьсгалаас хойших даяаршсан итгэл үнэмшил гэсэн гурван үеийн цаглабар оршиж байна гэж болох. Өнөө цагийн бидэнд эдгээр цаг үеийн хэв шинж их, бага хэмжээгээр бий. Нүүдэлчин ахуйд эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг эрчүүдээс дутахгүй байсан хэдий ч түүхэн явцад энэ хандлага эсрэгээрээ өөрчлөгдсөөр ирсэн бол социализмын үед амьдарч асан аав ээжүүд илүү тэгш байдал, шударга ёсны үнэлэмжүүдтэй. Харин 1990 оноос эрэгтэй эмэгтэй хүйсийн тэгш байдлын тухай ойлголт ардчилал, хүний эрх, үндэсний бахархал болон даяаршилын давалгаатай нэгдэн өмнөх хоёроосоо нэлээд ангид, холимог, түвэгтэй байдлыг бий болгосон. Энэ шинэ нөхцөлд авах, гээхийн ухаанаар хэрхэн хандахаа мэдэх, мэдэхгүйн дунд будилж яваа нь олонх гэхэд хилсдэхгүй.

Чухамдаа үүний тусгал болж “Усгал” орчин үеийн бүжгэн жүжиг мэндэлж байна.  Бидний эсрэг хүйсийн тухай итгэл үнэмшил, үнэт зүйлс эрчимтэйгээр хувьсан өөрчлөгдөх энэ цаг мөчид  арга билгийн тэнцвэрийг олох,  хадгалах, магад алдлаа ч эргээд олох дархлааг хаанаас хайх тухай үзэл санааг энд үгүүлнэ.

Эрэгтэй эмэгтэй хүний мөн чанар, түүнд эн тэнцүү, эсвэл аль нэг нь давамгайлан орших гал ус махбодын зөрчил хийгээд эерэлийг үзүүлэх хамгийн энгийн хэл бол бүжиг, тэр дундаа орчин үеийн бүжиг.  Сүүлийн үеийн дэлхийн орчин үеийн урлагт томоохон орон зайг эзлэх болсон нийлмэл урлагийн хэлийг энд ашиглахыг уран бүтээлчид шийдсэнээр гал ус мэт эрс тэрс эрэгтэй эмэгтэй хүний харилцаа хайр сэтгэлийн түүхийг өгүүлэх олон улсад өрсөлдөх чадвартай, монгол хүний оюун, сэтгэхүйгээс төрсөн цогц гурван бүтээл шинээр төрж байна гэсэн үг.

Дэлхийд тархсан Монгол авьяасыг Монголдоо төдийгүй олон улсад сурталчлах тус бүжгийн жүжгийн хөгжмийг дэлхийн цахим хөгжмийн  iTunes, Amazon гэх мэт 22 сувгаар амжилттай борлогдож буй “Агула” цомгоороо дэлхийд танигдсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх зохиож, бүжиг дэглээчээр АНУ-ын Чикаго хотын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч Б.Одбаяр ажиллаж байна.

Ус хэмээх эмэгтэй бодгалийг ДБЭТ-ын гоцлол бүжигчин МУГЖ Ч.Ганчимэг бүтээж, залуу найруулагч Ш.Ихбаяр гал усны тухай өөрийн түүхийг кино хэлээр бүтээж тоглолтыг баян, олон талт болгохоор ажиллаж байна.  Сонирхолтой нь, тус уран бүтээлийн баг бүгд наяад онд төрж өссөн залуу уран бүтээлчдийн хувьд эрэгтэй эмэгтэй хүний тухай ойлголт хэрхэн хувиран өөрчлөгдөж байгаа өөр өөрийн өвөрмөц түүхийг үгүүлэх нь дамжиггүй.

 Бүтээл гурван хэсгээс бүрдэнэ.

  1. “Гал усыг мөрөөдөв” хэсэгт хүн бүр хэн нэгэнтэй учрахаас өмнө өөрийн гэсэн хүлээлт, мөрөөдөлтэй байдаг. Тэр нь өссөн орчин, соёл, итгэл бишрэлтэй нь улбаатай.  Төсөөлөл, ба бодит байдлын ялгаа эмэгтэй хүний есөн, эр эмийн эрхэмлэх найман сайн шинж гэсэн хэвшмэл итгэлээс эхлэнэ.

  2. “Ус галд дурлав”. Мөрөөдөл бодит байдалтай нүүр тулна. ХХ-р зууны дунд үеийн романтик өнгө аяс энэ хэсгийн гол үгүүлэмж.  Хосуудын хөргө хөвөрсөөр...

  3. “Усгал”.  Бодит байдал ба мөрөөдлийн зөрчил. Гал усыг тэнцүүлэх цас алсаас асуй

Орчин үеийн бүжгийн онцлог нь нүсэр том тайз засалт гэхээсээ илүү энгийн, хялбар шийдэл, гэрлийн найруулгын ур чадварыг шаарддаг.  Төслийн баг АНУ-ын Нью-Йоркийн орчин үеийн Баттери Данс Компанийн гэрлийн найруулагч, Австрали, Хятад, Финланд, Герман, Унгар, Энэтхэг, Израйл, Норвеги, Португал, Швед, ОХУ, Турк гэм мэт 20 гаруй орны нэр хүндтэй театрт гэрлийн найруулагчаар 20 гаруй жил ажилласан Барри Стийлийг урьж ажиллуулж байгаараа онцлогтой.

Төслийн удирдагч Б.Номинтуяа “Бүтээлийг бүх үеийн төлөөлөл үзээсэй гэж бодож, зорьж хийсэн. Яагаад гэвэл, эрэгтэй эмэгтэйчүүдийн дунд үүсдэг үл ойлголцол өнөөдөр л гэнэт үүсчихээгүй, олон жилийн уламжлал, нийгмийн өөрчлөлтөөс улбаатай.  Хүйсийн тэнцвэрийн төлөө нэг хэсэг нь бус нийтээрээ байгаасай гэж хүсэж байна.  Аливаа тэнцвэрийг олно гэдэг хэцүү ажил гэхдээ түүнээс өөр төгс зүйл байхгүй” хэмээн үгүүлснээс гадна Швейцарийн Хөгжлийн агентлаг, Петро Матад ХХК, Монголын Эдийн Засгийн Чуулганы дэмжлэг, Corporate convention center-тэй хамтран хийж буй уг бүтээлээ олон улсад, тэр дундаа АНУ, Швейцарь, БНСУ-ын үзэгчдэд толилуулж, орчин цагийн Монголын нийгмийн дүр төрхийг эрэгтэй эмэгтэй хүний дүрээр дамжуулан хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцлаа. 

Усгалыг би феминист эмэгтэйчүүдийн цугларалт эсвэл бэлэг танхай эрчүүдийн тунхаглал биш гэж найдаж байна. 2015 онд дэлхий нийтээрээ баталсан НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 17 зорилтын нэг нь жендэрийн буюу хүйсийн эрх тэгш байдлыг хангах гэж дахин онцолсон нь бидний сайн мэдэх эрэгтэй эмэгтэй бодьгалыг арга билгийн нэгдлээр нэгэн цул болдог гэсэн эртний мэргэн санаатай утга нэг.

Одоо бидэнд Усгалыг үзэж, тунгаах л үлдлээ. Та Гал уу? Ус уу? эсвэл усгал уу?

 


ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна