Улс төрийн намуудын данс шилэн болох уу?

2015 оны 12 сарын 18

2012 онд намууд сурталчилгаандаа 35 тэрбум төгрөг зарцуулжээ

Улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгох шаардлагатай гэсэн байр суурийг олон хүн илэрхийлдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намуудыг төсвөөс санхүүждэг болгох, цаашлаад хандив гишүүнчлэлийн татвараа шилэн болгохыг тусгаад байгаа юм. Улс төр судлаачид намуудын төсөвт сайтар хяналт тавьж байж, төсвөөс санхүүждэг болгох нь зөв гэж үзэж байна. Жил бүр намуудын санхүүгийн тайланд аудитын шалгалт ордог. Гэхдээ эргээд тухайн аудитынхаа дүнг намууд иргэдэд тайлагнадаггүй. Гадаадын зарим улс төрөөс зөв бодлого баримталсан мөрийн хөтөлбөрийг харгалзаж байж намд нь санхүүжилт олгох зарчмыг барьдаг. Мөн иргэдэд сонгуулийн боловсрол хэр олгосон эсэхийг хянадаг. Монгол Улсад одоогоор тухайн улс төрийн нам сонгуульд ялсан, ялаагүй ч нэг саналыг 1000 төгрөгөөр бодож, дөрвөн жилд нэг удаагийн санхүүжилт өгч байна. Тэгвэл удахгүй УИХ-д өргөн барих Улс төрийн намын тухай хуулийн төслөөр намууд төрөөс санхүүжилт авахдаа сонгуулийн насны нийт хүн амын нэг хувийн саналыг авч чадвал тодорхой хэмжээний мөнгө авах алхам ойртоно. Дараа нь төрөөс тавьсан шаардлагуудыг хангавал төрөөс олгох санхүүжилтэд хамрагдах эрх нь нээгдэх юм.

Хуулийн төсөлд тусгагдсан өөр нэг чухал заалт бол улс төрийн намыг бүртгэдэг, татан буулгадаг, үйл ажиллагааг нь хянадаг ажлыг Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах. Ингэхдээ тус асуудлыг шийддэг шийдэл нь шүүхдээ байх ёстой гэсэн намын гишүүдийн саналыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, улс төрийн намыг бүртгэдэг, татан буулгахтай холбоотой эцсийн шийдвэрийг гаргадаг тэр эрх шүүх эрх мэдэлдээ байдаг тэр системийг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд хадгалж, оруулжээ. Харин санхүүжилтийг дээр дурдсанчлан намуудад олгодог болбол хөндлөнгийн хяналтыг сайтар тавих ёстойг Б.Эрдэнэдалай багш анхаарууллаа.

Одоогоор төрөөс улс төрийн намуудын санхүүжилтийг яг хэдээр тогтоох нь тодорхойгүй байна. Нөгөө талдаа төсвийн алдагдал их, эдийн засаг уналтад орсон ийм үед хэдэн төгрөг, тэлсэн үед хэдэн төгрөг байх вэ гэдгийг нарийн тооцоолж байж санхүүжилтийн хэмжээг тодорхойлох ёстой гэж эх сурвалж тайлбарласан. Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулагчдын зүгээс улс төрийн намууд хөрөнгөтэй байхыг тус хуулиар хориглоогүй гэдгээ мэдэгдэж байгаа. Тодруулбал, намууд үл хөдлөх, хөдлөх хөрөнгөтэй байж болох юм. Гэхдээ тэр хөрөнгөөрөө 100 хувь санхүүжээд явдаг аж ахуйн нэгж шиг байж болохгүй л гэж хуулийн төсөлд тусгажээ. Мөн тухайн хөрөнгөөс олдог орлого нь гишүүдийн татвар, хандиваас орж ирсэн мөнгөний 10 хувиас хэтрэхгүй гэсэн байна. Энэ нь бүтэн байраа түрээслээд, хэдэн аж ахуйн нэгж ажиллуулаад, тэндээсээ мөнгө авч гишүүддээ үйлчилдэг биш. Гишүүдийнхээ дэмжлэг, тодорхой татварыг ав гэсэн санаа юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна