21 намыг нэгтгэсэн сүртэй акц

2015 оны 12 сарын 18

Монголын нийгэм бүхэлдээ улс төрийн идэвхжилийн үе дээрээ байна. Парламентын ээлжит сонгууль болгоны өмнө ийм л байдаг. Эрх баригчид эрх мэдлээ хадгалан үлдэхийн тулд төрийн нөөц чадавхийг шавхартал дайчилж, сөрөг хүчин гудамжны улс төрөө эхлүүлэн тэмцэж эхэлдэг. Энэ жилийн гудамжны улс төрийг Монгол Ардын намаар толгойлуулсан 21 нам эхлүүлсэнээ энэ долоо хоногт зарласан. Тэмцэгчид бас л уламжлал ёсоор Төрийн ордны баруун талд гэр барин тухалсан ч БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалыг хүндэтгэн хоёр хоног түр буурь сэлгээд байгаа. Өнөөдөр дахин гэрээ ордны баруун талд барина гэдгээ мэдэгдээд байгаа.

МАН-ын улс төрийн энэ акцийн хамгийн сүртэй нь улс төрийн 21 намыг нэгтгэсэн явдал, бас эрх баригчид шаардлагыг нь хүлээж авахгүй бол “эсэргүүцлийн үндэсний фронт”-ыг 21 аймагт нээнэ гэсэн явдал. Харамсалтай нь 21 гэдэг тоо нь сүртэй болохоос бодит агуулгаар нь аваад үзвэл улс төрийн 21 намыг нэгтгэснээр “үндэсний” их хүчийг хуримтлуулаад байгаа хэрэг биш. Угаасаа Дээд шүүхийн бүртгэлийг чимж байдаг улс төрийн намууд сонгууль болохын өмнө хөдөлгөөнд орж, өөрсдийгөө үнэд хүргэхийг оролддог. Тухайн үедээ 800 хүний гарын үсэг цуглуулан улс төрийн нам хэмээх батламжийг авсан эдгээр намын зарим нь эдүгээ 9 хүүхэдтэй айлын халуун ам бүлийн тоонд хүрэхээргүй дэмжигчтэй нь нууц биш. Ардчилсан намын дотох фракцийн зөрчилдөөн МАН толгойтой 21 намд ирэх хаврын ялалтын чимээг сонсгоод байгаа бололтой. 

Уг нь он удаан жилийн түүхтэй МАН сонгуулийн хар машинтай зууралдаж, өөрсдийн дэмжиж баталсан хуулиа буцаан өөрчлөхийг шаардаж, эргэж буцаж байснаас арай шинжлэх ухаанч байдлаар сонгуулийн буухиагаа эхлүүлсэн бол дээр байсан юм.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна