Ийм парламентад хэн хариуцлага тооцох вэ?

2015 оны 12 сарын 18

-Ямар сайндаа л арай эрүүл саруулаар сэтгэдэг гишүүд нь “Ийм парламент байснаас тарсан нь дээр” гэх үгийг амнаасаа унагах билээ-

Арваад асуудал хэлэлцэхээр жагсаасан өчигдрийн чуулганы хуралдаан товлосон цагаасаа сунжран эхэлсэн ч гишүүдийн идэвх оролцоо тун сул байлаа. Үдээс хойшхи хуралдаанд 72 гишүүнээс дөнгөж есөн гишүүн ирсэн нь энэ парламентад хууль хэлэлцэх сонирхол байгаа эсэх нь эргэлзээтэй.

УИХ-ын үндсэн гол үүрэг бол хууль батлах. Гэвч, хууль тогтоох  төрийн дээд байгууллага нь долоо хоногоор “ажил хаялт” зарлаж, төрийн тэргүүнийхээ гуйлт, аргадалтаар арай гэж хуралдаж байх жишээний.

Засаг огцруулах, сайдыг чөлөөлөх үед “долоовор” хуруугаа ашигладаг, Тавантолгойгоос өөр сонирхох ярих сэдэвгүй гишүүн ч бий. Аливаа асуудлыг дандаа буруу талаас нь хардаг, боломж л гарвал хувьсгалд уриалдаг, сав л хийвэл хөрөнгө оруулагчдыг хөөдөг хүнд гарууд ч цөөнгүй. Энэ мэт эрээвэр хураавар олон өнгөөс бүтсэн энэ парламентад эрх баригчид нь ч эрх баригчид шиг, сөрөг хүчин нь ч сөрөг хүчин шиг харагдахгүй байна. Нэг нь дотоод ардчилал нэрээр тогоон доторх хэрүүлээ УИХ дээр аваачиж нялдаг, нөгөө нь хайрцаглагдсан намынхаа хэмжээнд асуудлыг хардаг, эзнийхээ үгнээс илт зөрөх эрхгүй ийм л дүр төрх З.Энхболдын ангийнхнаас харагдаж байна.

Дэгийнхээ хуулийг зөрчих, нэг асуудлаар хэд дахин завсарлага авах, нам, бүлэглэлүүдийнх нь эрх ашигт  нийцээгүй л бол хуулийг унагаах, барьцаалах нь бараг хэвийн үзэгдэл болсон. МАХН гэхэд намынхаа даргыг засагт оруулахын тулд Ч.Сайханбилэгийн оруулж ирсэн Гацууртын ордын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг барьцаалан, удаа дараалан завсарлага авч байгаа нь өнөөгийн парламент үнэндээ үүрэгт ажлаа ухамсарлах чадамж ч үгүй болжээ. Уг нь тэдний хийх ёстой ажил нь улстөржихөөс гадна бас  улс оронд чухал хуулиудыг хэлэлцэж батлах явдал шүү дээ.

Парламентын хүлээлгийн танхимд, УИХ-ын даргын өрөөний хаа нэгтээ дарагдсан олон хуулийн төслийг УИХ хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Бүрэн эрхийнхээ ихэнх хугацааг эрх мэдлийн хэрүүлд зарцуулсан тэдэнд хэлэлцэх асуудал, батлах хууль үстэй толгойноос нь их шахуу болжээ. Үнэндээ ийм олон хуулийг батлах цаг өнөөгийн парламентад байхгүй, үйл явдлаас харахад Үндсэн хуулиа, Сонгуулийн хуулиа өөрчилж чадахааргүй хугацаагаа дуусгаж магадгүй байна.

Өөрсдөд нь ч Үндсэн хуулийг өөрчлөх, Сонгуулийн хуулиа шинэчлэх, Тавантолгойн төслөө урагшлуулах, Гацууртын ордын хувь хэмжээг тогтоож чадах итгэл үнэмшилгүй байгаа нь энэ бүх үйл явдлаас харагдаж байгаа юм.

Үүрэгт ажлаа огт хийдэггүй, хууль хэлэлцэх процесст нэг ч удаа сууж үзээгүй “тэнэмэл”  гишүүд Ардчилсан намд ч, Ардын намд ч байна.

Засаг огцруулах, сайдыг чөлөөлөх үед “долоовор” хуруугаа ашигладаг, Тавантолгойгоос өөр сонирхох ярих сэдэвгүй гишүүн ч бий. Аливаа асуудлыг дандаа буруу талаас нь хардаг, боломж л гарвал хувьсгалд уриалдаг, сав л хийвэл хөрөнгө оруулагчдыг хөөдөг хүнд гарууд ч цөөнгүй. Энэ мэт эрээвэр хураавар олон өнгөөс бүтсэн энэ парламентад эрх баригчид нь ч эрх баригчид шиг, сөрөг хүчин нь ч сөрөг хүчин шиг харагдахгүй байна. Нэг нь дотоод ардчилал нэрээр тогоон доторх хэрүүлээ УИХ дээр аваачиж нялдаг, нөгөө нь хайрцаглагдсан намынхаа хэмжээнд асуудлыг хардаг, эзнийхээ үгнээс илт зөрөх эрхгүй ийм л дүр төрх З.Энхболдын ангийнхнаас харагдаж байна.

Өөрийнхөө өмнөх үндсэн ажлаа хийхгүй мөртлөө Засгийн газраа ажил хийлгэдэггүй, гүйцэтгэх засаглалынхаа бүхий л асуудалд хошуу дүрж, тендер, төсөл, ТЭЗҮ-ээс өөрийг бодохоо больсон ийм парламентад хэн хариуцлага тооцох вэ.

Ямар сайндаа л арай эрүүл саруулаар сэтгэдэг гишүүд нь “Ийм парламент байснаас тарсан нь дээр” гэх үгийг амнаасаа унагах билээ.

Цагтаа эхэлсэн чуулганы нэг ч хуралдаан энэ парламентад байхгүй. Ихэндээ л  30 минутаас нэг цагийн дараа эхэлдэг, эхэллээ гэхэд 50 хувийн ирцтэй байсан тохиолдол тун цөөхөн. Н.Алтанхуягийг огцруулах, Ч.Сайханбилэгийг томилох үед л 90 хувийн ирц үзүүлж байснаас бусад тохиолдолд энэ парламентаас зуу байтугай 50 хувийн ирц нэхээд хэрэггүй. З.Энхболд хэдийгээр гишүүдээ, сайдуудаа хуралдаандаа суухыг шахдаг ч түүний үгийг хүлээж авдаг хүн ангийнхан дотор нь алга.

Хэрэв бүх асуудлаар ингээд завсарлага аваад байх юм бол энэ парламент гай болохоор зай тавиад өгсөн нь бараг өлзийтэй. Орж ирсэн асуудал болгоныг улстөржүүлж, барьцаалбал улс орны амьдрал, эдийн засаг юу болох вэ.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна