Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг нэмэгдэж байна

2015 оны 12 сарын 18

Өнгөрөгч Лхагва гаригт нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн 30 настай Э хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөгөөд цогцсыг нь машиндаа ачиж явсан хэрэг гарсан билээ. Цогцсыг нь хээр аваачиж хаях гэж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Одоогоор хэргийг шалгаж байгаа учраас ямар сэдлээр хэрэг хийсэн талаар мэдээлэх боломжгүй байна.

Тэгвэл үүнээс өмнө өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, “Хөрс” худалдааны төвийн гадна “Toyota Prius” маркийн автомашины тээшинд эмэгтэй хүний цогцос байсныг цагдаа нар олсон билээ. Улмаар шуурхай ажиллан, сэжигтэн этгээд эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд хийсэн байсныг тогтоосон байдаг.

Энэ мэтчилэн эхнэр, хамтран амьдрагчаа хүчирхийлэх, дарамтлах явдал өмнөх жилээс нэмэгдсэн дүн мэдээг цагдаагийн байгууллагаас өгч байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд хамтран амьдрагчаас илүүтэй эхнэрүүд өртдөг гэх судалгаа байдаг аж. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.

-Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хэргүүд удаа дараа гарч байна. Ер нь энэ талын тоо баримтыг дурдаач?

-Улаанбаатар хотын Цагдаагийн газарт ирж буй мэдээллийн 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Энэ дундаа 40.8 хувийг архидан согтуурсантай холбоотой дуудлага эзэлдэг. Харин нийт дуудлага мэдээллийн 80 орчим хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бусдын биед халдах, захиргааны зөрчил гаргах асуудал үүссэн байдаг.

2015 оны эхний 11 сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 591 гэмт хэрэг гарсан. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 28 хэргээр өссөн үзүүлэлт юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг нарийвчлан судалж үзэхэд мэдээж дийлэнх хэсэг буюу 82 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Субъектээр нь авч үзвэл 62 хувь нь эхнэр, 18 хувь нь хамтран амьдрагч гэж гардаг. Харин үлдсэн хэсгийг эцэг эх, ах эгч дүү нар эзэлж байгаа юм.

Мөн энэ оны эхний 11 сарын байдлаар 27 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон. Эдгээр хүүхдийн 25 нь Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч түр хамгаалах байранд ээжийн хамт хоргоддог. Өнөөдрийн байдлаар 481 хүнийг хамгаалалтад авч ажилласан байна.

-Түр хамгаалах байранд хамгаалснаар хүчирхийлэл буурсан уу. Үр дүн хэр гарч байна вэ?

-Өнгөрсөн онтой харьцуулахад хамгаалалтад авсан хохирогчийн тоо нэг дахин өссөн. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэргийг бүртгэх, шалгах, урьдчилан сэргийлэх бие даасан нэгж Улаанбаатар хотын цагдаагийн газарт байгуулагдсан. Улмаар нийслэл дэх 27 цагдаагийн хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийн асуудал хариуцсан ахлах байцаагч нар ажиллаж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар байнга мэдээлдэг, утасддаг иргэдийн жагсаалтыг гаргаж, хамгаалах боломж байдаг уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсанаар илүү нарийн мэдээлэл, судалгаа явуулж байна. Үүний нэг нь цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага мэдээллийг нарийвчилсан сан байгуулсан. Энэ хүрээнд тухайн хүн гар утаснаасаа дуудлага өгч, гэрийн хаяг, байршлаа тодорхой зааж өгдөг. Нэг утаснаас тухайн байршилд нэгээс дээш удаа дуудлага өгсөн тохиолдлыг илрүүлэх боломжтой програм суулгаад ажиллаж байна. Ингэснээр илүү үр дүнтэй юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна